Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар хэлэлцүүлэг хийлээ

  • 2019 оны 11 сарын 05

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2019.11.05/ мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар малчид, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

Хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, “2018 оны мал тооллогын дүнгээр 66 сая гаруй мал тоологдсон. Хүн амынхаа тоотой харьцуулахад хэдэн арав дахин сая олон малтай боловч махны үнэ өндөр, хэрэглээ их, хүн амын амьжиргааны түвшин доогуур, ажилгүйдэл өндөр байгаа нь мал хулгайлах гэмт хэрэг гарахад нөлөөлж байна. 

Иргэд амин зуулга болсон малаа хулгайд алдан хохирч, харин гэмт хэрэгтнүүд ял завшин үлдэж байгаа тул Эрүүгийн хуульд заасан ял, шийтгэлийг чангатгах талаар өргөдөл, гомдол ирж байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн, мөн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. 

Мөн Засгийн газраас дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. 

Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд явж байна. 

Хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа цаг үетэй холбон өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийг Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулж байгаа юм” гэв. 

Тэрбээр үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн албан тушаалтнуудыг танилцуулав.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, төрийн бус байгууллагын болон өргөдөл гаргасан иргэдийн, мөн малчидын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцов. 

Онлайнаар Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагууд холбогдон, оролцлоо. 

Эхлээд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга  хэмжээний тухай танилцууллаа. 

Тэрбээр танилцуулгадаа “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2004 онд батлан гаргаснаас хойш хүчин төгөлдөр мөрдөж байна” гээд уг хуулийг шинэчилсэн найруулгаар бэлтгэх Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэг ажиллаж байгааг тэмдэглэлээ. 

Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний арван сарын байдлаар 1637 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 664 хэргээр буюу 81.0 хувиар өсчээ. 

Зүүн бүсийн аймгууд болон төв аймагт мал хулгайлах гэмт хэрэг өндөр үзүүлэлттэй, мөн баруун чиглэлийн аймгуудад хил дамнасан малын хулгайн гаралт өндөр байдаг талаар танилцуулгадаа дурьдаад мал хулгайлах гэмт хэргээс урдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлаас танилцуулав. 

Үргэлжлүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн  дарга, дэд хурандаа Н.Мэндбаяр малын хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн малын хулгайн гэмт хэргийн  90 гаруй хувь нь хөдөө орон нутагт, 10 орчим хувь нь нийслэлд бүртгэгдсэн зэрэг малын хулгайтай холбоотой тоон мэдээллүүдийг дурьдаад энэ төрлийн гэмт хэрэг өсч байгаа шалтгааныг танилцуулав. 

Мал, мах, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, худалдаа хяналтгүй болсон нь малын хулгай өсөхөд нөлөөлж байгааг тэрбээр онцоллоо. 

Дээрх албан тушаалтнуудын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулты асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Мурат З.Нарантуяа, Ц.Гарамжав, Х.Болорчулуун нарын асуултад холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв. 

Дараа нь хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн төрийн бус байгууллага, иргэд, малчдын төлөөлөл, мөн онлайнаар оролцсон аймгуудын албан тушаалтнууд саналаа хэлэв. 

Энэ үеэр Монгол Улсын гавьяат малчин О.Дорж /Архангай аймаг/ “Малын хулгай дэлхийд байхгүй, ганцхан Монголд гардаг өвөрмөц онцлогтой учир УИХ-аар баталсан хуулийг батлагдсан цаг, өдрөөс нь хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна” хэмээн санал хэлэв. 

Хэлэлцүүлгээс малыг бүртгэлжүүлэх нэгдсэн системтэй болох, гарал үүслийн гэрчилгээг QR кодтой болгох замаар хяналтын механизмыг боловсронгуй болгох, бүлэглэж болон давтан мал хулгайлсан, мөн өндөр ашиг шимтэй мал хулгайлсан хэрэгт оноох ял, шийтгэлийг чангатгах зэрэг саналуудыг иргэд, байгууллагаас гаргасан юм. 

Төгсгөлд нь, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, “Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлоготой холбоотой Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар та бүхний гаргасан саналыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ. 

Мөн, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, холбогдох дүрэм журмуудын хоорондын зөрчил, давхардалтай холбоотой асуудлаар гаргасан саналыг нэгтгэн зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ” хэмээв.

Мэдээ мэдээлэл

Санал асуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Ноён уул”-ыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглахгүй хэвээр үлдээж, уул, усаа унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазат газар болгохыг хүсч байна.
Санал өгсөн: 409
Дэмжиж байна
81.9% (335)
Дэмжихгүй байна
17.1% (70)
Санал өгөх Үр дүн харах