УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллалаа

  • 2016 оны 02 сарын 02

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Сарангэрэл нар өнөөдөр /2016.02.02/ Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллалаа.

Байнгын хорооны гишүүд дүүргүүдэд ажиллах үеэрээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг боловсронгуй болгох асуудлаар иргэдээс санал авч, мөн Монгол Улсын Их Хурал, түүний Өргөдлийн байнгын хороонд хандан гаргасан өргөдлийг саналын хайрцгаар дамжуулан хүлээн авахаар болсныг дуулгаж, энэхүү саналын хайрцгийг холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өгсөн юм.

Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Байнгын хороо иргэдийнхээ өргөдөл, санал хүсэлтийг гурван хэлбэрээр авдаг. Нэгдүгээрт, цахим буюу онлайн хэлбэрээр. Хоёрдугаарт, уламжлал буюу иргэд биеэчлэн ирж, өргөдлөө өгдөг бол гурав дахь хэлбэр нь орон нутаг дахь Иргэний танхимаас хайрцгаар дамжуулж, иргэдийнхээ санал, гомдлыг авдаг. 2015 оноос эхлэн 21 аймгийн Иргэний танхимд иргэдийн өргөдөл хүлээн авах саналын хайрцаг хүлээлгэн өгсөн бол нийслэлийн дүүргүүдийн Иргэний танхимд өргөдөл хүлээн авах саналын хайрцаг байрлуулах ажил эхлүүлээд байна гэлээ. Түүнчлэн, Байнгын хорооноос “Саналын хайрцгаар өргөдөл хүлээн авах журам” баталсны дагуу Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг боловсронгуй болгох асуудалд санал өгөх; Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих; Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын шийдвэр, эрх зүйн актуудыг хянуулах зэрэг Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан өргөдлийг энэхүү саналын хайрцгаар дамжуулан хүлээн авна гэж уулзалтын үеэр танилцуулсан юм.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллах үеэр тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан Баянзүрх дүүрэгт иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах саналын хайрцагтай нийт 15 хороо байдаг гээд хууль тогтоомжийн хэрэгжилтийг боловсронгуй болгох асуудлаар байгууллага, иргэдээс ирүүлсэн саналыг танилцуулсан юм. Тухайлбал, төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль шинээр нэмэх, бусдыг дорормжилсон, гүтгэсэн, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан этгээдэд торгуулийн арга хэмжээ ноогдуулдаг байх зэрэг саналуудыг гаргаж байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ, дүүрэг тус бүрт энэхүү өргөдөл хүлээн авах саналын хайрцаг байрлуулснаар Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг боловсронгуй болгох асуудалд иргэдийн оролцоо зайлшгүй төдийгүй шуурхай болж байгаагаараа онцлог юм гэлээ.

Уулзалтын төгсгөлд, Өргөдлийн байнгын хорооны гишүүд иргэдийн саналыг сонсч, сонирхсон асуултад хариуллаа