100-аас дээш өргөдөл ирсэн бол тойргоос сонгогдсон уих-ын гишүүнд албан ёсоор мэдэгдэнэ

  • 2015 оны 02 сарын 09

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр /2015.02.09-нд/ сэтгүүлчдэд дараах асуудлаар мэдээлэл хийлээ.

Улсын Их Хуралд суудалтай намын бүлгүүд, бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн зөвлөлд Өргөдлийн байнгын хороотой төлөөлөн харилцах 1 гишүүнийг томилуулан хамтран ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд иргэдээс ирүүлж буй өргөдлийн тоймлон 7 хоног тутам мэдээлэл өгч, Байнгын хороогоор хэлэлцэхэд саналыг нь авч тусгаж байхаар боллоо.

Мөн Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд нэг сонгуулын тойрог буюу 1 аймгийн иргэдээс нэг сарын хугацаанд 100-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд тухайн тойргоос УИХ-д сонгогдсон гишүүдэд иргэдийн саналыг танилцуулан тухайн асуудалд дүн шинжилгээ хийн саналыг авч ажиллахаар боллоо. Харин 500-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд Байнгын хорооны гишүүд газар дээр нь очиж танилцах, 900-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэх болно.

Байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэх шаардлагатай асуудлаар ирсэн өргөдөлд тоон шаардлага тавихгүй бөгөөд дээрх тоон үзүүлэлт нь нэг асуудлаар ирсэн өргөдөл тодорхой тоонд хүрсэн тохиолдолд тухайн асуудлыг заавал судалж танилцуулах, мэдээлэл хийх, газар дээр нь очиж танилцахад хамаарах юм.

Энэ хүрээнд 2015 оны 1 дүгээр сард Архангай, Баянхонгор аймгийн иргэдээс нийт 129 өргөдөл ирүүлснийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Б.Болор, Х.Баттулга, Д.Ганбат нарт иргэдийн саналыг хүргүүллээ.

Архангай аймгийн Өндөр-Улаан, Их тамир, Өгийнуур сумдын иргэдээс нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар дараах саналууд ирүүлсэн байна. Үүнд:

  1. Нэр бүхий 20 иргэн Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачины голын ай сав газарт “Нуклер Энержи Монголиа” ХХК ураны хайгуул явуулсны улмаас малаас гаж төл гарах болсон, худаг ширгэж байгаа тул үйл ажиллагааг нь зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцалж өгөх;

  2. Нэр бүхий 27 иргэн Их тамир сумын Эрдэнэ толгой багийн “Мөнгөт” гэдэг газар БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани 2014 оноос ураны хайгуулын ажил явуулж байгаа тул үйл ажиллагааг нь зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцалж өгөх;

  3. Нэр бүхий 21 иргэн бэлчээр ашиглалт, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийг ихээр сүйтгэж буй үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгуулах, мөн орон нутагт ус, худаг гаргах асуудлыг давхар шийдвэрлэх, бэлчээрийг хувьчлахгүй байх, Бэлчээрийн тухай хуулийн төслийг санаачлах талаар;

  4. Өгийнуур сумын иргэд Тамирын голын гүүр нурах гэж байгаа тул Мянганы замын гүүр бариулах;

  5. Өгийнуур сумын Дойт багын нутаг дэвсгэрт “Бэрэн” ХХК-ийн хүнд даацын автомашинууд зам эвдэн бэлчээр сүйтгэж, мал услуулахгүй байгаа тухай;

  6. Хөдөө сумын эмч нарыг сургалтад хамруулж байх, арьс шир, ноос ноолуурын урамшуулал олгогдохгүй байгаа, малчдын асуудлыг судалгаатай шийдвэрлэж байх.

Баянхонгор аймгийн Баянхонгор, Баян-Өндөр, Богд сумдын иргэдээс нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар дараах саналууд ирүүлсэн байна. Үүнд:

  1. Нэр бүхий 20 иргэн - Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаа тухай;

  2. Иргэн Г.Нансалмаа - Баянхонгор аймгийн Баянлиг суманд байрлах Таван-Уул хэмээх газарт өрөмдлөг хийж байгаагаас үүдэн ойр хавийн ус маш их хомсдолд орж байгаа тухай;

  3. Иргэн Ц.Чулуун - Баянхонгор аймгийн Богд сумын Түйн гол, Орог нуурын орчмоор худаг маш их гаргаж байгаа нь гол, нуур ширгэх эрсдэлд оруулж байгааг анхаарах тухай;

  4. Нэр бүхий 9 иргэн - Эх нутгаа бүрэн бүтнээр нь хамгаалан авч үлдэх, Газар орон нутгаа унаган төрхөөр нь хойч үедээ үлдээх, эх болсон газар нутгаа ухаж төнхүүлэхгүй энэ чигээр нь хайрлан хамгаалж иргэнийхээ үүргийг биелүүлэх;

  5. Нэр бүхий 5 иргэн - Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход нутгийн малчид, багийн нийтийн хурлын саналыг авдаг зохицуулалт бий болгох;

  6. Нэр бүхий 8 иргэн -Малын хөлийн татварыг авсан тохиолдолд уг татварыг орон нутагт нь захиран зарцуулах зохицуулалт бий болгож, бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, үлийн цагаан оготнотой тэмцэх, малыг эрүүл мэнд, үржил шимийг сайжруулах зэрэгт зарцуулах;

  7. Нэр бүхий 5 иргэн - Малчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг урагшлуулж, эмэгтэй 50, эрэгтэй 55 нас болгож өөрчлөх, залуу малчдыг дэмжих бодлогыг төрөөс гаргах;

  8. Нэр бүхий 10 иргэн - Орон нутагт, ялангуяа малчдын 6 настай хүүхдийг сургуульд явуулах нь малчин өрхүүдэд тусдаа амьдрах, эзгүйдэх, гэр бүл салах эрсдэлд хүргэхээр байгаа тул 6 настай хүүхдийн боловсролын асуудлыг оновчтой байдлаар шийдвэрлэх;

  9. Нэр бүхий 3 иргэн - Өндөр насны тэтгэврийн зээлийн хүүг багасгах, цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай;

  10. Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг жил бүр нэмэгдүүлэхгүй байх тухай;

  11. Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнөөс хойш төрийн албан хаагчдыг олноор цомхотгож байгааг зогсоох тухай.

Түүнчлэн Өргөдлийн байнгын хороонд өндөр настнуудаас дараах асуудлаар ирүүлсэн өргөдлийг судалж байгаа талаар дараах мэдээллийг өглөө. Үүнд:

1.Өндөр насны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Байнгын хорооны дарга О.Баасанхүү Монгол банкны ерөнхийлөгчтэй уулзаж санал солилцсон байна. Хэдийгээр банк, иргэдийн хооронд байгуулж буй зээлийн гэрээний асуудал хувийн эрх зүйн хүрээнд хамаарч байгаа боловч УИХ-ын хурлын чуулганы завсарлагааны хугацаанд энэ асуудлыг нарийвчлан судалж, гарцыг гаргахаар ажиллаж байна.

2.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн төрсөн хүүхдэд нөхөх олговрыг олгох талаар иргэдийн өргөдлийг судалж өргөдөл гаргагчдын төлөөлөл болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисстой уулзалт хийж байна.

3. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх 60 орыг төрийн тусгай албан хааж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд зориулан үйлчилгээ үзүүлдэг байх асуудлаар ирүүлсэн 500 гаруй иргэдийн өргөдлийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд болон Хууль зүйн сайдтай санал солилцон ажиллаж байна.

Өргөдлийн байнгын хорооны ажлын алба