Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар байнгын хороо чиглэл өглөө

  • 2015 оны 04 сарын 08

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2015 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.04.08/ 60 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдааны эхэнд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга хийлээ. Монгол Улс 1998 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай” 1983 оны ОУХБ-ын 159 дүгээр конвенцийг  соёрхон баталсан бол 2008 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенци”-д нэгдэн орсон байдаг. Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 3.3 хувь буюу 99.5 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээр иргэний 35.8 мянган нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бол 64.2 мянган иргэн олдмол шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон гэдгийг дурдлаа.

        Хөдөлмөрийн яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон улсын конвенциудын үндсэн зарчим, зүйл заалт, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байгааг Хөдөлмөрийн сайд танилцуулсан юм. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1-д “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил албан тушаалтныхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулах” заалттай, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын цагийг богинсгох, ээлжийн амралтыг уртасгах, аж ахуйн нэгжид хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах квот тогтоох, үүнийг биелүүлээгүй тохиолдолд ажлын байрны төлбөр төлөх зэрэг зохицуулалт байдаг. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаатай холбогдуулан татварын хөнгөлөлт үзүүлэх, зарим төрлийн дэмжлэг үзүүлэх зохицуулалтууд байдаг юм байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1 дэх заалтыг хэрэгжүүлэх ёстой 3036 аж ахуйн нэгж, байгууллага энэхүү заалтыг хэрэгжүүлэх судалгаа байдгаас 1469 нь үүргээ биелүүлж, 235 аж ахуйн нэгж, байгууллага дээрх хуулийг хэрэгжүүлээгүй учраас төлбөр төлж, 16 аж ахуйн нэгж, байгууллага төлбөрөөс чөлөөлөгджээ.         

        Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил эзэмшүүлэх сургалтын тусгай орчныг бүрдүүлэх тал дээр холбогдох байгууллагууд анхааран ажиллаж байгааг тэмдэглээд, 2014 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 2575 иргэн хамруулсан, 1 тэрбум 929 сая төгрөг зарцуулж, үр дүнд нь 1576 иргэн шинээр ажлын байртай болсон. Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт нийт хөрөнгийн хэмжээг өмнөх оныхоос 30 орчим хувиар нэмэгдүүлэн, 3000 гаруй иргэнийг хөтөлбөрт хамруулан, шинээр 1500 ажлын байр бий болгохоор төлөвлөсөн гэлээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Сарангэрэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль, тогтоомжуудыг үзэхэд төр өөрийн үүргээ хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд даатгасан дүр зураг харагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд юуны өмнө мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход анхаарах нь чухал байгааг хэллээ. Ингээд Өргөдлийн байнгын хорооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тогтоол гаргах эсэхээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 44.4 хувь нь дэмжив.

Дараа нь Төрийн өмчийн хувьчлал, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн менежментийн талаар баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Монгол Улсын эдийн засгийн бүтцийг зах зээлийн зарчимд шилжүүлэх, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засаг болгон өөрчлөхөөр төрийн өмчийг хувьчлах ажил эхлээд 24 жил өнгөрч байна. 1990-1995 онд их хувьчлалын хүрээнд 14 тэрбум төгрөг, бага хувьчлалын хүрээнд 6 тэрбум төгрөгийн хөрөнгийг хувьчилсан. Хувьчлалын хоёрдугаар үе болох 1996-2000 онд 1000 шахам үл хөдлөх хөрөнгө, аж ахуйн нэгжийг хувьчилсан. Ингэхдээ бэлэн мөнгөөр хувьчлалыг явуулсан нь Монголын хувьчлал шинэ шатанд гарсны илэрхийлэл болж байв. Хувьчлалыгн 3 дахь үеийг 2000 оноос эхлүүлэн тооцож болох бөгөөд нийт 70 гаруй үйлдвэрийн газрыг хувьчилж, улсын төсөвт 50 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.

1991-2014 оны хооронд нийт 202.6 тэрбум төгрөгийн хувьчлалын ажлыг зохион байгуулсан байдаг бөгөөд 2012 онд байгуулагдсан Засгийн газраас "Төрийн өмчийг 2015-2016 оны хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна гэлээ. Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, О.Баасанхүү нар асуулт асууж, зарим зүйлийг тодруулав.

Өмнөх хувьчлалын үед гарсан алдаа дутагдлуудыг засах тал дээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулсан гишүүний асуултад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өгсөн хариултдаа, "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийн төсөл УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа. Монгол Улсын 2015 оны төсөвт 181 тэрбум төгрөгийг өмч хувьчлалын орлогоос орно гэж төлөвлөсөн болохоор уг асуудалтай холбоотой УИХ-ын шийдвэр гарсны дараа өмч хувьчлалын асуудал яригдана гэдгийг хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар нар өөрсдийн байр сууриа илэрхийлж үг хэллээ.

Мөн байнгын хорооны хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооноос УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд хийсэн ажлын танилцуулгыг хийж, 2015 оны хаврын чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөө батлах санал хураалт явуулсныг  хуралдаанд оролцсон гишүүдийн  62.5 хувь нь дэмжлээ.