2016 оны хаврын чуулганы тайлан

  • 2016 оны 07 сарын 20

ДӨРӨВ. ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО

Улсын Их Хуралд 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 5689 иргэнээс 707 өргөдөл /нийслэлийн иргэдээс 561 буюу 79,3 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 146 буюу 20.7/ ирүүлсэн байна. Үүнээс 76 буюу 10,8 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 631 буюу 89.2 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 183 байна.

Өргөдлийн байнгын хороонд хандаж 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 301 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 9101 иргэний өргөдлийг 11 удаа багцлан иргэд, албан тушаалтнаас тайлбар авах ажлыг зохион байгуулан шийдвэрлүүлж, 61 хүсэлт буюу 28.6 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 214 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 87 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 169 албан бичиг явуулж, 199 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллалаа.

  1. Өргөдлийн дагуу өргөдөл гаргагч, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах ажил зохион байгуулсан талаар

Тайлангийн хугацаанд Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн нийтийн эрх ашгийг төлөөлсөн 9101 иргэнээс дараах 11 асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2 дахь заалтын хүрээнд хариуцсан яам, агентлаг, төрийн болон бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан тайлбар авах хурлыг зохион байгуулж, асуудлыг шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Үүнд:

  • Төрийн албанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, шүүхийн шийдвэр биелүүлэх;

  • Гепатит вирусын эмчилгээний зардлын тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг болгох, уг эмчилгээнд шаардлагатай эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах;

  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсгийн хэрэгжилтийг тус тус хангаж, иргэдийг хохиролгүй болгох;

  • Баянзүрх дүүргийн 11-р хорооны Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төвийн хашааны гадна залгаа хашаанд амьдардаг иргэдийн газрыг өмчлүүлэх, Харилцаа холбооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах;

  • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн уялдааг хангаж, иргэдийг хохироож буй зөрчлийг арилгах;

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний өндөр насны тэтгэврийн хэмжээг тооцох аргачлалыг шинэчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах;

  • Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд өөрчлөлт оруулж, тухайн газарт олон жил амьдарсан иргэдэд газар ашиглах эрхийг олгох;

  • Орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулж, барилгажуулах ажил саатсан нөхцөл байдлыг арилгах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах;

  • Шинээр худалдаж авсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй байгаа, айл, өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцож байгаа нөхцөл байдлыг арилгах, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах;

  • Техникийн худалдаа үйлчилгээний төвүүдийн асуудлыг цэгцлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах;

  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай уялдуулах, зөрчлийг арилгах.

  1. Хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан талаар

Иргэдийн өргөдлийн дагуу дараах хэлэлцүүлгийг зохион байгуулав.

  • “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлэг;

  • “Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нэгдсэн цэг байгуулах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг;

  • “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн хэрэгжилтийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг;

  • Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг судлах ажлын хэсгийн тайланг танилцуулах хэлэлцүүлэг;

  • “Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын нийгмийн баталгааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг.

Байнгын хорооны дарга, гишүүд иргэдийг хүлээн авч, санал, хүсэлтийг сонсох, албан тушаалтнаас мэдээлэл авах уулзалт 32 удаа зохион байгуулав.

3. Мэдээлэл сургалт, сурталчилгаа, бусад ажлын талаар

Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем буюу вэбсайт, дотоод программ хангамжийн системийг хөгжүүлж байна.

Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах зорилгоор иргэдэд өргөдөл гаргах зөвлөмж болон Байнгын хорооны үйл ажиллагааны товч танилцуулга бүхий гарын авлага, нугалбарыг шинэчлэн хэвлүүлж нийслэлийн болон орон нутгийн иргэдэд тарааж мэдээллээр хангаж ажилласан.

Байнгын хорооны үйл ажиллагааг urgudul.parliament.mn, www.facebook.com/Urgudliin.baingiin.khoroo, www.twitter.com/Urgudul1 цахим хуудас, ТВ-9, ТВ5, ТВ8, ТМ телевиз, Малчин телевиз, Зууны мэдээ сонин зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байна. Байнгын хорооны 3 төрлийн теле-сурталчилгааг Хууль зүйн үндэсний хүрээлэн, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын теле-дэлгэцээр тогтмол нэвтрүүлж байна.