“Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ

  • 2016 оны 11 сарын 17

Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2016.11.16/ “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Д.Гантулга, Д.Дамба-Очир, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг нар оролцов.

Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Өргөдлийн байнгын хороонд болон Улсын Их Хурлын гишүүдэд нийслэл болон орон нутгийн иргэдээс ажилд орох, ажлын байр нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдах талаар асуудал хөндсөн өргөдлүүдийг тогтмол ирүүлсээр байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар нийт 518 өргөдөл ирүүлсний 217 нь ажилд оруулж өгөхийг хүссэн, 94 нь хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтын талаар, 83 нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлогын асуудлаар, 75 нь хөдөлмөрийн харилцааны маргаантай асуудал, гадаадад ажиллах хүч гаргах, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн талаар, 49 нь хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний талаар ирүүлсэн. Эдгээр тулгамдсан асуудлуудаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороо Улсын Их Хурлын  тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд судлан үзээд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн ур чадвар олгох, хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр иргэдийн саналыг бодлого шийдвэрт тусгуулах талаар анхаарч, холбогдох яам, төрийн байгууллагатай хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах талаар баримталж буй бодлого, эрх зүйн орчин, түүнийг боловсронгуй болгох", Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл "Хөдөлмөр эрхлэлт ба эдийн засгийн орчин нөхцөл", Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүүгийн хэлтсийн дарга Б.Цогбадрах "Хөдөө аж ахуйн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийн байдал, тулгамдаж буй асуудлууд", "Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо" ТББ-ын тэргүүн Х.Ганбаатар "Ажлын байр нэмэгдүүлэх боломж, хувийн хэвшлийн оролцоо" сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлын талаар хийсэн илтгэлдээ, манай улсад 2016 оны хоёрдугаар улирлын байдлаар 15 ба түүнээс дээш насны 2098.0 мянган хүн байгаагийн 60.2 хувь нь ажил эрхэлдэг болон ажил идэвхтэй хайж байгаа эдийн засгийн идэвхтэй хүн ам байна. Харийн хөдөлмөрийн насны хүн амын 39.8 хувийг эдийн засгийн идэвхгүй иргэд эзэлдэг ба тэд сургуульд сурах, хүүхэд асрах, ар гэрийн ажилтай, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгааны улмаас хөдөлмөр эрхэлдэггүй байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 10.4 хувь байгаагаас баруун бүс хамгийн өндөр буюу 15.3 хувь, төвийн бүс хамгийн бага буюу 8.0 хувьтай байна. Улаанбаатар хотын хэмжээнд ажиллах хүчний оролцооны түвшин хамгийн бага буюу 52.8 хувь байгаа бол баруун, хангайн бүсүүдэд 70 гаруй хувьтай байна. Нийт ажиллагчдын 27.7 хувь нь хөдөө аж ахуй, 10.2 хувь нь уул уурхай, барилга, 8.1 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа ба нийт ажиллагчдын 54.9 хувь нь цалин хөлстэй ажиллагч, 14.6 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 25.4 хувь нь мал аж ахуй эрхлэгч байна. Түүнчлэн тус яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн худалдан авах чадвар, орлогыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буйгаа танилцуулсан юм. Тухайлбал иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд цалингийн зээлийн хүүгийн хувийг бууруулж, ажиллагчдын орлогыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй /ХХДХ/ уялдуулах, ХХДХ хүртэлх хувь хүний татвар ноогдох хэмжээг албан татвараас чөлөөлөх талаар хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахаар төлөвлөж, "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр"-ийн төсөлд тусгасан аж. Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог жижиг зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэгт зээлийн батлан даалт гаргах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх. Мөн оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох, хөдөлмөрт бэлтгэх зорилго бүхий "Орлоготой оюутан" хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүүгийн хэлтсийн дарга Б.Цогбадрах илтгэлдээ, Монгол Улсын нийт ажиллах хүчний 64.3 хувь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа бөгөөд нийт 332 сумын 85 хувь нь ХАА-н үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай хэмээлээ.

Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлэхдээ, “Өнөөдөр нийгмийн хамгийн тулгамдаж байгаа асуудлын нэгдүгээрт ажилгүйдэл орж байна. Энэ сэдвээр удаа дараа хэлэлцүүлэг, хурал зохион байгуулагдаж байсан боловч ажилгүй иргэдийн тоо буурахгүй байгаа. Иймд өнөөдөр бид холбогдох яам, газар, холбоо, төрийн бус байгууллага зэрэг бүх шатны төлөөллийг оролцуулж, бодит үр дүнд хүрэхийн тулд та бүхний саналыг авч нэгтгэн Засгийн газарт хүргүүлэх болно” гэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлэг өнгөрсөн Пүрэв гарагт тус яаман дээр зохион байгуулагдсан бөгөөд тус хэлэлцүүлгийн үеэр ажилгүйдлийг бууруулах асуудлыг хөндсөн томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж буйгаа дуулгасан юм. Тэрээр гадаад улсад хөдөлмөр эрхэлж, мэргэжлийн дадал, туршлага эзэмшсэн иргэдийг эх орондоо ирэхэд нь “тосч” авдаг зохицуулалтын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.

УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцүүлэгт оролцож буй төлөөллийн саналыг сонссон юм. Тухайлахад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа хэлэхдээ, төрийн хөрөнгө оруулалтаар бодит эдийн засгийг хөгжүүлж, чанартай ажлын байр бий болгох санал хэлж байв. Үүнд аж ахуйн нэгжүүдийг татвар, зээл зэрэг асуудлаар төрөөс урамшуулал үзүүлэх хэрэгтэй нэн ялангуяа шинээр үйл ажиллагаа эхэлж буй жижиг дунд үйлдвэрлэлийн салбарынханд гэв.

Хэлэлцүүлгийг дүгнэж УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлэхдээ, өнөөдрийн уулзалтаас хэд хэдэн чухал санал гарлаа. Бид эдгээр саналуудыг хэлэлцүүлэн нэгтгэж Засгийн газарт хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл Байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд Байнгын хорооны хуралдаанаар саналуудыг хэлэлцүүлэн шийдвэр гаргах боломжтой гэлээ.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон түүний харьяа газрууд, Үндэсний хөгжлийн газар, Хөдөлмөр, ниймийн хамгааллын судалгааны институт, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Монголын ажил олгогч эздийн холбоо” ТББ, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Мэргэжлийн сургалтыг дэмжих холбоо, Монголын залуучуудын холбоо, Монголын ахмадын холбоо, Олон улсын байгууллагуудын болон иргэдийн төлөөлөл оролцлоо