Өргөдлийн байнгын хорооноос аймгуудын Засаг дарга нарт саналын хайрцаг хүлээлгэн өгөв

  • 2015 оны 02 сарын 03

Өргөдлийн байнгын хорооноос хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх хүрээнд иргэдийн өргөдлийг хүлээн авах саналын хайрцаг, түүнийг ажиллуулах журмын хамт 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү аймгуудын Засаг дарга нарт хүлээлгэн өглөө.

Саналын хайрцгаар өргөдөл хүлээн авах журамд зааснаар нийслэлийн 9 дүүрэг, аймгуудын Иргэний танхимд саналын хайрцгийг байрлуулж, өргөдлийг хүлээн авах ба 14 хоног тутамд хариуцсан ажилтан өргөдлийг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэхээр заасан.

Саналын хайрцаг битүүмжлэлтэй байх, өргөдөлд дурдсан хувь хүний нууцыг задруулахгүй байх үүргийг Засаг дарга, түүний Тамгын газрын ажилтан хариуцахыг чиглэл болголоо.

Ингэснээр орон нутгийн иргэд өөрийн оршин суугаа аймгийн Иргэний танхимд байрлах саналын хайрцгаар дамжуулан хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг асуудлаар өргөдлөө шууд гаргах боломжтой боллоо.