Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар Эрүүл мэнд, спортын яаманд ажиллав

  • 2016 оны 01 сарын 29

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар өнөөдөр /2016.01.29/ Эрүүл мэнд, спортын яаманд ажиллаа.

Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тус Байнгын хороо 2014 оны 06 дугаар тогтоолын хэрэгжилт болон дээрх өргөдлүүдээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар 2016 оны 01 дүгээр сарын 18-нд нийслэлийн зарим дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, нэр бүхий хувийн эмнэлгүүдийн ажилтай газар дээр нь танилцсан бол дараа өдөр нь Улсын клиник эмнэлгүүдийн удирдлагууд, өрхийн эмнэлгийн удирдлагуудыг хүлээж авч ажил хэргийн уулзалт хийж, санал солилцсон юм.

Дээрх ажлуудын үр дүнд эрүүл мэндийн салбарын өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээл, ялангуяа Байнгын хороогоор дамжуулан Засгийн газарт хүргүүлэн нэн яаралтай шийдвэрлэх асуудал, зөвлөмжийг нэгтгэж Эрүүл мэнд, спортын яамны удирдлагуудад өнөөдөр танилцуулсан юм.

Уулзалтын үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан хэлэхдээ, эмнэлгийн удирдлагуудтай биечлэн уулзаж санал солилцоход архи, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдүүдийг хүлээн авахгүй байх, Энэрэл эмнэлгийн онцлог үйл ажиллагаанд нийцүүлэн тус эмнэлэгт ажиллах нөхцөлийг “хүнд нөхцөл”-д хамааруулах, сүрьеэгээр өвчилсөн орон гэргүй иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээн авдаг болгох, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн статусыг тодорхой болгох, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас доошгүй хувийг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад зарцуулах, төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг мөрдөж ажиллах, Төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг уялдуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний өртгийг зөв, бодитой тогтоох механизмыг бүрдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг өвчтөнд үзүүлсэн бодит үйлчилгээгээр санхүүжилт авдаг байх, эм худалдан авах тогтолцоог сайжруулах, эм тээвэрлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгох зэрэг саналуудыг гаргаж байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ, мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар зарим эмнэлгүүд тухайлбал, Клиник, Нийгмийн эрүүл мэндийн төв, Түргэн тусламжийн төв нь бүтэц үйл ажиллагааны стандартгүй ажиллаж байгаа, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээгүй, барилгын урсгал засвар хийгдэхгүй, агааржуулалт, гэрэлтүүлэг хүрэлцээгүй, чийг хуримтлагдан хөгц, мөөгөнцөртсөн зэргээр хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 85 хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг зэрэг дутагдлууд илэрчээ гэв. Иймд Байнгын хорооны тогтоолын хэрэгжилт болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын дагуу салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцохоор уулзаж буйгаа дуулгав.

Уулзалтад Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа оролцож, тус салбарт ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр, эрүүл мэндийн салбартай холбоотой нийт өргөдөл, гомдлын 40 орчим хувь нь эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний талаар гарч буй гомдол, санал, 4,6 хувь нь эмч, эмнэлэгийн ажилтнуудын ёс зүйтэй холбоотой асуудал байдаг бол 30 орчим хувь нь эмчилгээ, оношилгоо хийлгэхэд дэмжлэг үзүүлэх хүссэн өргөдөл байдаг гэлээ. 2015 оны өргөдөл, гомдлын биелэлт 98 хувьтай байгаа, нийт хүсэлтийн дийлэнх нь эмчилгээний зардалтай холбоотой өргөдөл ирүүлсэн байдаг гэж танилцуулсан юм.

Уулзалтын төгсгөлд, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан тус байнгын хороогоор дамжуулан Засгийн газарт хүргүүлэн нэн яаралтай шийдвэрлэх асуудал, зөвлөмжийг нэгтгэж салбарын Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад гардуулан өглөө