Өргөдлийн байнгын хороо "Ноён уул"-ын асуудлаар орон нутгийн иргэдтэй уулзав

  • 2015 оны 02 сарын 25

Монголын анхны төрт улс тулгийнхаа чулууг тулж, туургат гэрийнхээ ханыг  анх шийрлэсэн Ноён уул оршиж буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваа уурхай ажиллавал ашигтай юу, ашиггүй юм хэмээн төвөөс очсон хүмүүсээс хэнэг ч үгүй асууж сууна. Түүний цаана ашигтай ч байсан, ашиггүй ч байсан ухаад үзвэл яасан юм бэ гэсэн далд санаа цухалзаж байгаа нь илхэн. 

            Мөн сумын ИТХ-аас нь хэдэн хүнд 150 мянган ам.доллар тарааж, Ноён уулыг сумын тусгай хамгаалалттай газраас чөлөөлсөн тухай яриа нутгийн иргэдийн дундаас чих дэлсээд зогссонгүй Мандал сумынхан “Хэчнээн ашигтай байсан ч өвгөд дээдсийнхээ ариун шарилыг хөндөхийг зөвшөөрөхгүй.

Хариуцлагагүй, луйварчин гэдгээрээ зард гарсан уул уурхайн компанийнханд түүх дурсгал, байгаль орчноо сүйтгүүлэхгүй.Тэдний захиалгаар Ноён уулыг орон нутгийн хамгаалалтаас гаргаж лиценз олгуулсан Засаг дарга Н.Нямдаваа, ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү нарыг огцруул. Төр, засаг иргэдээ сонсохгүй бол бид босож тэмцэхэд бэлэн” хэмээн эрс шийдэмгий мэдэгдэж байна.

Зөвхөн тэд ч биш нийт Монголчууд, дэлхийн өнцөг булан бүрээс ийм сэтгэгдэл, байр суурийг илэрхийлж байгаа билээ. Нийгмийн анхаарлыг хамгийн их татаж буй нь Нийслэлийн төв талбайд Ноён ууланд уул уурхайн олборлолт явуулахыг эсэргүүцсэн ТББ, иргэний хөдөлгөөнүүд жагсаж, нэг хэсэг нь Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаж, улмаар 16 мянган хүний гарын үсэг бүхий хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэх зэргээр тэмцэж буй үйл явдал.

Тэгвэл эрх нь зөрчигдсөн Мандал сумынхан ямар байр суурь илэрхийлж, юу ярьж байна вэ. Т эдний дуу хоолойг сонсъё. Нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзье, Ноён уулаа харъя гэсэн зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумыг зорив. Мөн УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны дарга О.Баасанхүү, бие даагч гишүүн С.Ганбаатар нарын Мандал сумын иргэдтэй уулзсан хэлэлцүүлгийг сонирхов.

Тэндхийн “цаг агаар” сурвалжлагын эхэнд өгүүлсэнчлэн Засаг дарга Н.Нямдаваагаас Ноён уулын асуудлаар асуулт нэхсэн, нэг ёсондоо үг хэлээр “заамдалцсан” байдалтай угтсан юм. Өнөөдөр Мандал сумын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл, тэр дотроо настай ээжүүдийн амнаас тэмцэхээ илэрхийлсэн, уриалсан, энд шууд биччихэж боломжгүй хатуу ширүүн үгс гарч байлаа. Үнэндээ айлын гэргий, галын сахиус, алдрай жаахан үрсийн ээж, монгол эхийн амнаас тийм үгс гарч байгаа нь олон нийтийг хиртхийлгэж байв. Энэ нийгмийн маань нүүр царай, ард түмний амьдрал болохгүй, бүтэхгүй байгаагийн илрэл байх.

Мандал сумынхан Нийслэлийн төв талбайд өлсгөлөн зарласан хүмүүсийн эгнээнд өөрсдийн төлөөллийг оролцуулсан гэдгээ хэлж байна. Тэгээд “Ийм байтал орон нутгийн иргэд нь дуугарахгүй байхад Улаанбаатараас мөнгөөр хэдэн хүн өлссөн” хэмээн тэмцэл, хөдөлгөөнийг мушгин гуйвуулсанд бухимдаж байгаа гэв.

Ер нь тэнд байдал маш ширүүн, орон нутгийн удирдлагуудаа хариуцлага тооцох, хариу нэхсэн албан шаардлагуудыг 72 цагийн хугацаатай тавьсан, мөн тойргоос сонгогдсон гишүүдээ ирэхгүй, иргэдээ сонсохгүй байгааг шүүмжилсэн, АН-ын нөлөө бүхий эрхмүүд, тус намын УИХ дахь нэр бүхий гишүүн Ноён уулын Арцатын аман дахь хүүхдийн зусланг “Сентерра Голд” компанид 650 саяар зарсан асуудлыг шалгуулна гэхчлэн ол он үйл явдал өрнөж байна.

Сумын иргэдтэй уулзахаар очсон Өргөдлийн Байнгын хорооны дарга О.Баасанхүү, бие даагч гишүүн С.Ганбаатар нар ямар ч үед асуудлыг хүчирхийллийн замаар шийдэж болохгүйг анхаарууллаа. Мөн Мандалчуудын дуу хоолойг төр, засагт хүргэхийн зэрэгцээ тойргоос сонгогдсон гишүүдэд нь ч байдал ямар байгааг дамжуулж, асуудлыг шийдвэрлэхэд нутгийн иргэдтэй хамт байх болно хэмээн хэллээ. Ноён ууланд уул уурхайн ажил явуулахыг эсэргүүцсэн нутгийн иргэд ингэж ярьж байна.

Д.Чимэдрэгзэн: “СЕНТЕРРА ГОЛД" биднийг доромжилсон 

-МоАХ, бусад ТББ-тай хамтран Засаг дарга Н.Нямдаваа, ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү нараас шаардаж байгаа. Мандал сумын нутаг, Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний түүхийн үнэт дурсгал, байгалийн сайхан цогцолсон Ноён уулын алтанд шунасан “Сентерра Голд” компани уул уурхайн олборлолт эхлүүлэх гэж байгаад Мандалчууд эсэргүүцэж байна. Бидний чөлөөт сонгуулиар сумын удирдлагад сонгогдсон дарга нар үүргээ биелүүлэхгүй байна.

Манай сумаас О.Цэрэннадмид, Я.Борхүү, Д.Пүрэвжал нарын гурван иргэн эх оронч иргэдтэй хамтран Ноён уулаа хамгаалж амь насаараа дэнчин тавьж Улаанбаатар хотод өлсгөлөн зарлахад сумын удирдлагууд санаа тавьж ажил зохиогоогүй нь эрх тушаал, зөөлөн сандалд шунасан этгээдүүд болохоо харууллаа. Өнөөдөр УИХ, Засгийн газрын шийд эцэслэн гараагүй, ашиглалтын гэрээ хийгдээгүй байхад алтанд шунасан “Сентерра Голд” компани Ноён уулан дахь Арцат зуслан дээр харуул, хамгаалалт гарган газар нутгийг маань биднээс тусгаарлан өөрсдийн эзэмшил мэт хашаалж аваад сууж байгаа нь Мандалчууд биднийг доромжилж байна.

Тиймээс Засаг дарга Н.Нямдаваа, ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү нарыг иргэдийнхээ төлөө эх оронч сэтгэлээр ажиллахыг шаардаж байна. Нэгд, Арцат зуслан дахь харуул хамгаалалтыг татан буулга. Хоёрт, олон нийтийн хурал хийж, Ноён уулын талаар иргэдээ сонс. Гуравт, өлсгөлөн зарласан гурван иргэндээ санаа тавьж, ядаж биеийг нь ч болтугай асуу, эрүүл мэндэд нь анхаарал хандуул.

Дөрөвт, сумын ИТХ-ын төлөөлөгч Туяа ашиг сонирхлын зөрчилтэй тул эргүүлэн тат. Дээрх шаардлагын хариуг 72 цагийн дараа өг. Хариу өгөөгүй тохиолдолд, МоАХ, “Ноён уулаа аваръя хөдөлгөөн, Ардчилсан хүчний ахмад зүтгэлтний хорооноос та хоёрыг огцруулах, суулт, тэмцэл өрнүүлнэ.    

Ё.Болдбаатар: Хэчнээн га-г сүйтгэж, хэдэн гол устгасныг бодитоор харуулъя

-Модун Шанью хааны төрт улсаа байгуулсан ариун голомт шүү дээ, Ноён уул. Гэтэл сумын иргэдийн ээж, аав болсон Засаг дарга, ИТХ-ын дарга нь биднийг “Сентерра Голд” дээрээс удирдаад байгаа гээд яриад сууж байдаг. Тиймээс иргэддээ одоо хариулах цаг болсон. Н.Нямдаваа дарга хэрэгтэй болохоороо Ноён уулыг тахидаг, Эрхэмбаяр аваргатай хамт олон жил тахиж шүтсэн. Төрийн өндөрлөгт гарч, зөөлөн суудалд суухын тулд хэчнээн бөө аваачаад тахиулаад байсан.

Дургүй чинь хүрэхээрээ ухуулах гэж байгаа юм уу. Энэ ямар бодлого вэ. Түүнд үүнийг хэн захиалдаг юм бол. Тэрийгээ ард түмний өмнө шударгаар хэлэх хэрэгтэй. Бид Ноён уулаа аврахын төлөө эцсээ хүртэл тэмцэх болно. Гэтэл манай сумын удирдлагууд “Аяллын цаг” нэвтрүүлэгт орж телевизээр гарахдаа дуртай байж Ноён уулынхаа үнэн төрхийг харуулдчихаж яагаад чадахгүй байна вэ?

Бид Сүжигтийн аман дахь Хүннүгийн булшийг яриагүй. Үнэн байдлыг харъя гэвэл Төмөртийн даваа, Мэхээртийн давааг давж хэчнээн га газрыг сүйтгэж, Арцат, Балж, Гацуурт, Хөх билүүт, Улаан билүүт гээд маш олон голыг сүйдэлснийг бодит үнэнээр нь мэдээлж, олон нийтэд харуулмаар байна. Ард түмэнд үнэн байдлыг мэдээл, харуул.

ХУУЛЬ ГАРААГҮЙ БАЙТАЛ ОЛБОРЛОЛТЫН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖЭЭ

Мандал суманд очсоных Ноён уул дахь Гацууртын орд, Сентерра Голдын ашиглалтын талбай, байгаль орчны байдлыг сонирхохоор газар дээр нь очлоо. Арцатын ам, Сентерра Голдын кэмп, газар шорооны ажил явуулсан байдлыг ажиглаж явахад нүд алдам ой хөвч, сүрлэг уулсын хүрээлэн болсон ноён хангайн байгалийн сайхныг хараад хамт явсан үзэг нэгт нөхөд маань уулга алдан биширч байсан юм. Тэгвэл тэнд уул уурхайн компани олборлолт явуулж энд тэндгүй тэсэлгээ хийгээд эхэлбэл эргэн тойрон цул саарал шороо л үлдэнэ гэхээс дотор муухай болж байна. Засгийн газраас Гацууртын ордыг стратегийн ордод хамруулан УИХ-аар батлуулчихсан, өөрөөр хэлбэл галт тэрэг хөдөлчихсөн. Харин төр 20 хувийг нь эзэмших тухай эргэж хэлэлцэхээр асуудлыг түр хойшлуулаад байгаа. “Сентерра Голд” компанийн хувьд уурхай явуулах бэлтгэлээ аль эрт базаачхаж. Ашиглалтын кэмпүүд, ажилчдын байр, Түр оффисоо барьж, зарим газарт усан сан үүсгэх зорилготой голын усыг боох далангийн ажил эхлүүлж, уулын хажуу бэлийг дагуулан модыг нь огтолсноос ёзоорууд нь цасан доороос хүний гар шиг сарвайж үзэгдэх нь ганц нэгээрээ яваа нэгэн “Юу билээ” гэж цочиж зогтусмаар. Шороон орд, алт угаах зориулалт бүхий ийм бэлтгэлийг эртнээс хийгээд амжиж. Бүхэл бүтэн уул, ой хөвч, гол ус орсон өргөн уудам газрыг тойруулан төмөр хашаа босгож, үүдийг нь байнгын ажиллагаатай харуул, хамгаалалтын албаар мануулсан байна. Уурхайн ажил өвөл зогсдог тул тэнд очиход удирдлагын зүгээс нэг ч хүн алга. Харуул, хамгаалалтын албанаас ямар хэргээр явааг баахан шалгааж байж арай гэж оруулсан ч үйл хөдлөл бүрийг минь камерт бичиж байгаа нь анзаарагдаж байв. Монгол хүн Монголынхоо нутагт хөл тавих эрхгүй, байгаль дэлхийгээ ямар байгааг харах эрхгүй хашаа, харуул, хамгаалалтаар ийнхүү тусгаарласан нь бухимдмаар.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙНХАН “АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ” ГЭВ

Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан ийм байр суурьтай, байгаль орчны байдал иймэрхүү янзтай байгаа бол хөрш зэргэлдээ Дархан-Уул аймгийнхан нь юу ярьж, хэлж байгаа нь сонирхол татна. Тиймээс замдаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Ганбаатар нарын Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзсан уулзалтыг сонирхлоо.

Дархан-Уулчууд цалин тэтгэвэр, нийгмийн асуудал, эдийн засаг гэхчлэн олон сэдвээр гишүүдээс асууж хариулт сонссоны зэрэгцээ Ноён уулаа ухуулахгүй хэмээн тэмцэл, хөдөлгөөн өрнүүлээд байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Айл хүний амь нэг”  саахалт хүний санаа нэг” гэгчээр цаашид бослого тэмцэл гарвал нэгдэнэ хэмээн ярьж байлаа. Мөн Ноён уулын асуудлаар тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сайн ажиллаарай хэмээн захиад “Хэрэв шударга ёсны төлөөх тэмцэлд ганцаардах, хүчгүйдэх бэрхшээл тулгарвал ард чинь бид байгаа шүү” хэмээн урмыг үгсийг хэлж байсан юм. Мандал сумын иргэд, Дархан-Уулчууд О.Баасанхүү гишүүнд хандан Өргөдлийн Байнгын хорооны даргаар сонгогдоод удаагүй ч нийгмийг хамарсан онцлох асуудлаар орон нутагт нь хэлэлцүүлэг өрнүүлж, Байнгын хороогоо бага парламентын хэмжээнд шуурхай ажиллуулах эхлэлийг тавьж, орон нутагт ирж ажилласанд нь талархал илэрхийлж, цаашид дэмжиж, бас хамтарч ажиллахаа илэрхийлэв. Орон нутгийн иргэд Ноён уулын асуудлаар О.Баасанхүү, С.Ганбаатар нарыг өөрсдийнхөө өмнөөс УИХ, Засгийн газарт асуулга тавьж өгөхийг мөн эрдэмтэн, судлаачдын хэлэлцүүлэг-эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахыг хүсэж байсан юм. 

Ноён ууланд уул уурхай ажиллавал нэгд, түүхийн дурсгал-Монголчуудын өвгөд дээдсийн булш хөндөгдөх, хоёрт байгаль орчин сүйдэх, гуравт тэнд тэсэлгээ хийснээр мөнх цэвдэг бүхий эко систем эвдрэх, дөрөвт хэчнээн нөхөн сэргээлт хийсэн ч нэгэнт эвдэрсэн мөнх цэвдэг-эко системийг дахин бий болгох боломжгүй гэхчлэн олон асуулт хариу нэхэж байна. Түүнчлэн төрийн хараа хүрээгүй,хууль хяналтынхны анхааралд өртөөгүй эрх ашгийн зөрчилтэй олон “нууц”-ууд Ноён уулыг тойрсон уул уурхайнхан болон орон нутгийн эрх мэдэлтнүүдэд байдаг ажээ. Энэ тухай бид “Сэтгүүлчийн эрэн сурвалжлага булан”-даа үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин. www.ikon.mn