Өргөдлийн байнгын хороо болон УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлэг хамтран өнөөдөр /2017.04.17/ “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба хүүхэд хамгааллын асуудал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  • 2017 оны 04 сарын 17

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран өнөөдөр (2017.04.17) “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба хүүхэд хамгааллын асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн М.Оюунчимэг, Д.Мурат, Ц.Цогзолмаа, М.Билэгт, А.Сүхбат нар оролцов.

 

Эхэнд нь хэлэлцүүлгийн зорилгын талаар Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлэв. Тэрбээр, “Замын цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 2010-1016 онд авто замын ослоор бид 300 хүүхдээ алдаж, 7000 гаруй хүүхэд гэмтэж бэртсэн байна. 2017 он гараад 13 хүүхдээ алджээ. Тиймээс энэ асуудлаар мэргэжлийн хүмүүсийг байлцуулан хэлэлцүүлэг хийе гэж зорьсон. Цагдаагийн байгууллага, сургуулиудад төр засгаас яаж тус дэм болох вэ, хүүхэд осолд орж байгаа шалтгааныг арилгах талаар бид хамтраад юу хийх вэ гэдгийг ярилцъя” гэлээ

Дараа нь Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга хийлээ. Мөн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дэд дарга Б.Халиун “Нэгдсэн арга хэмжээний үед хүүхдийг аюулгүй тээвэрлэх журам” сэдвээр мэдээлэл өгсөн.

Э.Бөхбат танилцуулгадаа “0-14 насны хүүхэд авто замын осолд илүү өртдөг. Хот суурин газарт явганаар замын хөдөлгөөнд оролцож буй хүүхэд, хөдөө орон нутагт тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүүхэд осолд илүү өртөж байна.  Нийт амь насаа алдсан хүүхдийн 90 хувь нь орон нутгийн замд, 10 хувь нь Улаанбаатарт осолдсон статистик тогтмол гардаг. Сургуулиудын хичээл эхлэх, тарах цагаар сургуулийн орчинд авто машинууд 20-30 км цагийн хурдтай явдаг байвал хүүхдээ осолд өртөхөөс хамгаалж чадна. Ер нь авто машин хурдаа нэг км цагаар хасахад нэг хүүхдийн амь авардаг гэсэн онол байдаг хэмээв.  Орон нутгийн замд нэг тээврийн хэрэгслээр олон хүүхэд хамт тээвэрлэдэг, хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг эцэг эхийн хариуцлагагүй үйлдэл хүүхэд зам тээврийн ослоор амиа алдах үндсэн шалтгаан болдог юм байна.

 

Танилцуулга хийсэн албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Мөн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “Хүүхэд амь насаа ингэж алдаж буй нь бидний яриад, анхаарал хандуулаад буй оффшороос ч эмгэнэлтэй. Энэ бол шоу хийх, эсвэл мартах сэдэв биш. Байнга санаж, сэдэж, санаачилгатай байх ажил. Замын цагдаагийн алба энэ чиглэлээр одоогоор сайн ажиллаж байгаа. Бусад байгууллагууд тэдний ажилд тус дэм болох хэрэгтэй байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Мурат “Замын цагдаагийн албанаас санаачлан хэвлүүлсэн хүүхдэд зориулсан комик номыг хүүхэлдэйн кино болгон олон нийтэд хүргэхэд хувиасаа ч санхүүжүүлэхэд бэлэн” хэмээсэн. Харин УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Япон улсад хамгийн сүүлийн хичээл заасан багш сүүлийн таван минутад хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох талаар сэрэмжлүүлэг, санамж мэдээлэл өгдгийг манай улсад хэрэгжүүлэх нь хөрөнгө санхүү шаардахгүй, шууд хэвшүүлэх боломжтой учир салбарын сайд тушаал гаргах талаар саналаа хэлэв.

Хэлэлцүүлгийн үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол торгууль оногдуулах заалт хэрэгжих боломжгүй байгааг цагдаагийн ажилтнууд хөндлөө. Хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас хүүхэд нь осолд өртсөн эцэг эхэд торгууль оногдуулах гэхээр хүлээн зөвшөөрөхгүй, иргэний дайн шахуу байдал үүсдэг хэмээн тэд онцолсон. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлах төлөвшил суулгах ажлыг бүх нийтийн оролцоотойгоор хийх шаардлагатайг хэлсэн юм. Энэ ажилд шаардлагатай төсөв хөрөнгийг Өргөдлийн байнгын хороогоор уламжлуулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах боломж бололцоог судлан шийдэхээ Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Өргөдлийн байнгын хорооноос зөвлөмж гаргахаар болсон. Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг нэгтгэн боловсруулж зөвлөмж гарган, сурталчлах ажлыг Өргөдлийн байнгын хорооноос төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ