Байнгын хороодын дарга нарыг сонгож, баталлаа

  • 2016 оны 07 сарын 22

 

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 12 цаг 05 минутад 51.6 хувийн ирцтэй эхэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Анхдугаар чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол болон холбогдох бусад хуулиуд зэрэг нийт 44 хуулийн эцсийн найруулгыг гишүүдэд танилцуулав.

 

 

Дараа нь Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хороодын өчигдрийн хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшигчдийн тухай асуудлыг хэлэлцэж дэмжин, энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвыг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг Өргөдлийн байнгын хорооны даргаар тус тус сонгохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар тухайн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, нэр дэвшигч тус бүрээр ил санал хураалт явуулж шийдвэрлэх хуулийн заалттай.

Ингээд байнгын хорооны өчигдрийн хуралдааны дарааллын дагуу тухайн байнгын хорооноос нэр дэвшигчдийн талаар гаргасан санал, дүгнэлтийг сонсов. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нар танилцуулж, нэр дэвшигчдийг байнгын хороодын хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн болохыг дуулгалаа.

 

 

 

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар үг хэлж байр сууриа илэрхийлэн нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа хэллээ.

Ингээд байнгын хорооны даргад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад:

 

 

Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл 98.2 хувийн саналаар байнгын хорооны даргаар сонгогдлоо.

 

 

Байнгын хорооны даргад нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн тул энэ талаархи Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцож, тогтоолын эцсийн найруулгыг сонсов.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр сонгогдсон Байнгын хорооны дарга нарт баяр хүргэж, амжилт хүслээ.