Монгол Улсын Их Хурал болон Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг шалгалаа

  • 2017 оны 04 сарын 27

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2017.04.26) Монгол Улсын Их Хурлын 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол болон тус байнгын хорооны 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгахаар “Харгиа” цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрийн бүсэд ажиллав. Дараа нь арьс ширний үйлдвэрүүдийг шилжүүлэн суурьшуулах, цэвэрлэх байгууламж баригдах үйлдвэрийн шинэ бүсийн талбайд очиж танилцсан.  

Энэ арга хэмжээнд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан, М.Билэгт, Д.Мурат, А.Сүхбат болон холбогдох яамд, Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын  албан тушаалтнууд оролцов.

 

Монгол Улсын Их Хурлын  74 дүгээр тогтоол, Өргөдлийн байнгын хорооны  03 дугаар тогтоолд Арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах,  эрчимжүүлэхээр заажээ. Энэ ажлын явцтай Өргөдлийн байнгын хорооны гишүүд танилцсан юм. 

“Харгиа” цэвэрлэх байгууламжид ажиллахдаа Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “Агаар, хөрс, ундны усанд тархсан энэ бохирдол, үнэрийг бодитоор мэдрүүлэхээр өнөөдөр энд холбогдох албан тушаалтнуудтай ажиллаж байна. УИХ арьс ширний үйлдвэрүүдийг эндээс нүүлгэн шилжүүлэхээр 2012 онд тогтоолоо гаргачихсан. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн шинэ бүс байгуулах газрыг сонгох байдалтай ажил явж ирлээ. Эндхийн иргэд, оршин суугчид яаж хохирч буй талаараа  сая өөрсдөө ярисан. Өндөр настан, хүүхэд гэлтгүй бүх насныхан өвчилж байна. Амьсгалын замын, ходоод гэдэсний, харшлын өвчнөөр өвдөж байхад бид хүлээгээд суугаад байж болохгүй. Цаашид ажлыг шуурхайлах чиглэлд үйл ажиллагаагаа нэгтгэе. Санхүүжилтийг шийдэхэд эдийн засгийн хямралыг даван туулахыг хүлээх ямар ч боломж байхгүй. Арьс ширний үйлдвэрүүд нь нүүлгэн шилжүүлэхийг дэмжиж байхад шийдвэр гаргагчид шуурхай ажиллах шаардлагатай байна” гэв.

 

УИХ-ын гишүүн М.Билэгт “Энэ бол тэргүүн эгнээнд шийдвэрлэх асуудал байсан. УИХ-ын тогтоол гараад таван жил болчихсон, одоо болтол хөрөнгө оруулалтыг яаж шийдэхээ тогтоогүй байна. Өмнө нь “Харгиа” цэвэрлэх байгууламжид хоёр сая долларын, 4-5 тэрбумын төгрөгийн гээд удаа дараа хөрөнгө оруулсан ч тэр хөрөнгийг үргүй зарцуулжээ. Төсвийн мөнгийг гарын салаагаар гоожуулсан бодит жишээ энд байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн шинэ бүсийн дэд бүтцийг цэвэрлэх байгууламжтай нь барих хөрөнгө оруулах боломжтойгоо гадны хөрөнгө оруулагчид хэлсэн. Одоо ч гэсэн УИХ-ын даргын айлчлалын үеэр Японы засгийн газар  манай улсад өгөхөөр тохирсон 800 сая доллараас санхүүжүүлэх боломжтой. Хөрөнгө оруулалтыг шийдэх гарц байна. Энэ төсөл эргээд шууд үр ашгаа өгөх төсөл. Манай улс 60 гаруй сая малтай, малын гаралтай түүхий эдээ бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаснаар монгол хүмүүс ажилтай болно. Дотоодын зах зээлээ хангана. Битүү, бүрэн автомат дөрөвхөн хүн ажилладаг технологийг Япон улс манайд өгнө гэсэн. Энэ мэтчилэн эдийн засгийн үр ашигтай тооцоо байдаг. Байгууламжийг аймаг, орон нутагт хийнэ гэж шийдвэр гаргахгүй явсаар одоо Улаанбаатарт барихаар болж байна” хэмээв.   

“Алтайн харгиа” арьс шир боловсруулах үйлдвэрт очиход үйлдвэрийн захирал Ч.Түмэнжаргал өдөртөө 2500-3000 орчим арьс боловсруулж,  200-300 тонн орчим бохир ус “Харгиа” байгууламжид нийлүүлдэг талаараа хэлсэн.   

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Баясгалан “Арьс шир боловсруулсан хортой бодисуудыг “Харгиа” болон, төв цэвэрлэх байгууламж бүрэн шүүж, цэвэршүүлж чадахгүй байгаа. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг Сонгины гүүрийн орчимд Туул голд нийлүүлдэг. Тэр цэгээс  жилд гурван удаа шинжилгээ авахад нянгийн бохирдол стандартаас өндөр гардаг. Бохирдол голын ус болон гүний усыг бохирдуулсан нь шинжилгээгээр тогтоогддог. Голын уснаас хүмүүс шууд хэрэглэж байгаа нөхцөлд бохирдлоос шалтгаалсан гэдэсний халдвар зэрэг өвчлөл үүсэх бүрэн боломжтой” хэмээн ярилаа.

Дараа нь арьс ширний үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхээр сонгосон газарт очиж, ямар ажил явагдаж байгаатай танилцлаа. Эмээлтээс урагш 50 га газрыг үйлдвэрийн шинэ бүс болгохоор шийдвэрлэжээ.  Уг газарт одоогоор өндөр хүчдэл татсан, сайжруулсан шороон зам холбосон байна.

 

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан энэ үеэр “Хөрөнгө санхүүжилтийг концессээр шийдэх нь илүү зохимжтой бөгөөд хурдан гэж тооцож байгаа. 2019 оны аравдугаар сард ажил дуусна гэж төлөвлөсөн гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүдэд өглөө