УИХ-ын Тамгын газар "Нээлттэй сонсголын танхим"-тай боллоо

  • 2015 оны 04 сарын 17

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар "Нээлттэй сонсголын танхим"-д иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг нээлттэй хэлэлцэн шийдвэрлэх болсон талаар Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2015.04.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү УИХ-ын тухай хуулийн 19.2 заалтыг хэрэгжүүлэх, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ гүйцэтгэхдээ УИХ-ын Тамгын газрын “Нээлттэй сонсголын танхим”-д үйл ажиллагаа явуулна хэмээн танилцуулав. Тус байнгын хороо нь иргэдээс олон тооны өргөдөл, гомдол хүлээн авдаг бөгөөд тэдгээрийг холбогдох бүх талын оролцоотойгоор нээлттэй хянан, магадлах үйл ажиллагаа явуулах юм байна.

Мөн Өргөдлийн байнгын хороо ойрын хугацаанд төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсантай холбоотой бүх өргөдөл, гомдлыг судалж үзээд, хянан шийдвэрлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар Байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээллээ. Тэрээр “Энэ асуудлаар 2013 онд 393 гомдол, 2014 онд 512 гомдол ирсэн бол энэ оны 1 дүгээр улиралд 229 гомдол ирээд байна. Эдгээр гомдлын 54 нь ажлаас чөлөөлсөн, 50 нь бүтцийн өөрчлөлтөөс болж ажлаасаа халсан гэдэг шалтгаан дурдсан бол үлдсэн нь “үндэслэлгүй” гэсэн байна. Тиймээс манай байнгын хорооны нэг асуудлаар 100 дээш тооны өргөдөл, гомдол хүлээн авсан бол хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандана гэсэн дүрмийн дагуу энэ асуудлыг Хянан магадлах хуралдааны танхимд хэлэлцэнэ. Тус хуралдаанд Сангийн яам, Төрийн албаны зөвлөл болон Эрүүл мэнд, спортын яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчны яамны төлөөллийг оролцуулж, холбогдох гомдлыг шийдвэрлэнэ” гэлээ.

Тус байнгын хорооны гишүүн Ж.Батзандан, УИХ нь хууль тогтоохоос гадна хянан шалгах үүрэгтэй гэдгийг дурдаад, Өргөдлийн байнгын хороо энэ чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүнд УИХ-ын Тамгын газрын "Нээлттэй сонсголын танхим" тодорхой үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна