“Петро чайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааны талаар иргэд олон тооны гомдол ирүүлсэнтэй холбогдуулан газар дээр нь очиж нөхцөл байдалтай биечлэн танилцана

  • 2015 оны 06 сарын 09

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.06.09/ Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

 

Тус байнгын хороонд 2015 оны 05 дугаар сард иргэдээс 322 өргөдөл ирүүлсэн талаар мэдээлэв. Үүний 22 буюу 6.8 хувь нь иргэдийн санал, 40 буюу 12.4 хувь нь гомдол, 222 буюу 68.9 хувь нь ахуйн шинжтэй асуудал, 35 буюу 10.9 хувь нь бусад асуудлаар хандсан байна. УИХ-ын дарга болон гишүүдэд хандсан 196 өргөдөл ирсэн бол Өргөдлийн байнгын хороонд шууд хандсан 126 өргөдөл ирүүлжээ. 05 дугаар сард иргэдээс ирүүлсэн нийт өргөдлийн 114-ийг шийдвэрлэсэн. Үүний 72 хүсэлт буюу 63.2 хувийг нь судлан, шууд хариу өгч, 42 хүсэлт буюу 36.8 хувийг нь харьяаллын дагуу шийдвэрлээд байна гэлээ.

Мөн энэ үеэр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс тус байнгын хороонд ирүүлсэн хүсэлтийн дагуу АНЭУ-ын Дубай хотноо гарын үсэг зурсан гэрээтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар судалж байгаа талаар сэтгүүлчдэд дуулгасан юм.

Түүнчлэн газрын тосны олборлолт явуулж буй компаниудын талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхээр байгуулагдсан Ажлын хэсэг энэ сарын 11-14-ний өдрүүдэд газар дээр нь очиж нөхцөл байдалтай биечлэн танилцах болсон гэлээ. Газрын тосны олборлолт явуулдаг компаниуд дундаас 23 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй “Петро чайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааны талаар иргэд олон тооны гомдол ирүүлсэнтэй холбогдуулан Өргөдлийн байнгын хороо тус компанийн үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан байна. Тус компани хэд хэдэн ноцтой зөрчил гаргасныг холбогдох мэргэжлийн байгууллагаас тогтоосон талаар мөн дуулгасан юм.

 



Өргөдлийн байнгын хорооноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын талаар болон өндөр насны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээр судалж байгаа болохоо мөн энэ үеэр байнгын хорооны дарга О.Баасанхүү сэтгүүлчдэд танилцуулав.