М.Оюунчимэг: Б.Хурц буруутай үйл ажиллагаа явуулж, хүмүүс хэлмэгдсэн бол хариуцлагаа хүлээх ёстой

  • 2017 оны 12 сарын 26

УИХ-ын гишүүн, Өргөд­лийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.

-БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор болсон Б.Хурцын асуудлыг Өргөд­лийн байнгын хороо иргэдээс ирсэн өргөдлийн дагуу хэлэлцэх ёстой гэсэн ч хуралдаагүй гэдэг шүүмжлэл байна. Гэсэн хэдий ч Л.Болд, Ж.Батзандан нар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуул­сан. Та тус нээлттэй хэлэлцүүлэгт орж байсан хүний хувьд байр сууриа илэрхийлээч?
-Миний хувьд Өргөдлийн байнгын хорооны дарга болоод удаагүй байгаа ч иргэдээс ирсэн өргөдөл бүртэй сайтар танилцаж 30 хоногийн дотор хариу өгч шийдвэрлүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих тал дээр маш сайн ажиллаж байгаа. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудал нь өөрөө хурц байна л даа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр нэг сар шахам хэлэлцэгдээгүй томилгоотой холбоотой асуудал гэнэтхэн Өргөдлийн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэхээр албан бичгээр ирсэн.
Гэтэл арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн үдээс хойших чуулганы хуралдаанаар Б.Хурцын томилгооны асуудлыг Их хурал шийдэх гэж байсан. Тиймээс хуульчдаа явуулж албан тооттой албан ёсоор танилцаж байтал УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас найман хүний өргөдөл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос нууцын зэрэглэлд хамаарах хоёр өргөдөл энэ сарын долооны өдөр ирсэн. Тиймээс 10 хүний өргөдөлтэй танилцах зайлшгүй шаардлага үүссэн тул УИХ-ын даргад Элчин сайдын томилгоотой холбоотой асуудлыг хойшлуулах хүсэлт гаргахад долоо хоногоор хойшлуулж өгсөн юм. Өргөдлийн байнгын хороо дөрөв хоногийн хугацаанд тус өргөдлүүдтэй танилцаж, судлахад хувь хүний нууцтай холбоотой, сөрөх тагнуулынхантай холбоотой гээд нэлээдгүй хугацаа шаардах ээдрээтэй зүйлс их байсан. Байнгын хороо иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авч хянах, шийдвэрлэх үүргийнхээ хүрээнд, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу судалсан. Үүнийхээ дүнд энэ сарын 15-ны өдөр Улсын ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлж, прокурор нарийвчлан судалж үзээд арванхоёрдугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Одоо хариу нь ирэх ёстой.
-Танай байнгын хороо яагаад нээлттэй хэлэлцүүлэг хийгээгүй юм...
-Өргөдлийн байнгын хорооны 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдүгээр тоот тогтоолоор баталсан Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай дүрмийн 9.9.3-д байнгын хороо цахим хэлэлцүүлгээр 900-гаас доошгүй дэмжсэн санал авсан тохиолдолд өргөдлийг шууд оруулж хэлэлцэнэ. Өргөдлийн байнгын хорооны дарга танилцуулна гэж заасан байдаг. Тиймээс Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийх нь эрх зүйн хувьд үндэслэлгүй гэдгийг УИХ-ын Тамгын газрын болон, байнгын хорооны хуульчид надад албан бичиг өгсөн. Элчин сайдын томилгоотой холбоотойгоор Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэгдэж, чуулганаар ордог журам өнөөдрийг хүртэл үйлчилж ирсэн. Гэтэл Б.Хурц дээр өөр тоглолт явсан. Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийхийн тулд 900-ээс дээш хүний дэмжсэн санал хэрэгтэй байсан тул ганц, хоёр хоногийн дотор үнэхээр боломжгүй байгааг хэлсэн. УИХ-ын дарга Өргөдлийн байнгын хороонд 900-гаас дээш дэмжсэн санал ирээгүй, өнөөдрийн түвшинд боломжгүй байгаа гэж бол уг асуудлыг удаа дараа хойшлуулах шаардлагагүй гээд баасан гаригийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулах нь зүйтэй гэдгээ хэлсэн. Элчин сайдын томилгоо чуулганаар ордог өдөр буюу энэ сарын 15-ны өдөр бид прокурорт албан бичиг явуулсан, Өргөдлийн байнгын хороонд нэгэнт нээлттэй хэлэлцүүлэг хийх хууль эрх зүйн боломж байхгүй байсан тул, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүдийн санаачлан зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, Ц.Нямдорж сайд бид суусан. Нээлттэй сонсгол үргэлжилж байх явцад УИХ-ын чуулганаар томилгооны асуудлыг О.Баасанхүү гишүүний горимын саналаар хаалттай хуралдан шийдсэн.
-Заавал хаалттай хуралдах шаардлага байсан юм уу?
-Чуулганы хуралдааныг хаалттай явуулсанд үнэхээр харамссан. Миний хувьд хаалттай хуралдах шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь УИХ-ыг муухай харагдуулсан л даа. Тиймээс хаалттай хуралдаанд оролцолгүй, иргэдийн өргөдлийг зайлшгүй судлах шаардлагатай гэж үзээд нээлттэй хэлэлцүүлэгт орсон. Нэг хүн өргөдөл гаргасан бол хүн эргэлзэж болно. Гэтэл тэнд нэлээд олон хүн өргөдөл гаргаж асуудлыг ярьж байсан ч чуулганаар асуудал шийдэгдсэн. Хэдийгээр УИХ-аар томилгооны асуудал шийдэгдсэн ч Улсын ерөнхий прокуророос бидэнд албан тоотоор хариу ирүүлэх ёстой. Үүний дараа холбогдох хүмүүстэй нь сууж байгаад хэлэлцэх боломж байгаа гэж харж байна. Ерөнхийлөгч энэ тал дээр ямар байр суурь илэрхийлэх бол гэж харж байсан ч томилгоо нь өөрөө хурц асуудалтай байсан учраас бие бие рүүгээ түлхсэн байдалтай байсан. Миний хувьд Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар асуудалд бие даасан өөрийн байр суурин дээр нухацтай хандаж байна.
-Энэ тогтолцооны гажуудлаа засч авахгүй бол Их хурлын гишүүдийг дотор нь талцуулсан ийм байдал улам даамжирч мэдэх юм биш үү?
-Өргөдлийн байнгын хороон дээр өргөдөл ирж УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх тухай ярьж байхад зарим гишүүдийн зүгээс “Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийх эрх зүйн үндэслэл байхгүй. УИХ-аас томилогддог албан тушаал дээр нээлттэй сонсгол хийж болно. Гэтэл энэ УИХ-аас томилогддог албан тушаал биш. Цаашид сайд, даргын томилгоотой асуудал явагдахад түүнд дургүйцсэн хүмүүс нь өргөдөл гаргаад УИХ дээр ирээд гацдаг буруу жишиг тогтоно” гэж байсан. Миний хувьд өргөдлүүдтэй танилцсан болохоор зайлшгүй Их хурал сонсох ёстой юм байна гэж үзсэн. Гэсэн ч УИХ-аар Б.Хурцыг томилохыг дэмжсэн л дээ. Цаашид Ерөнхийлөгч, Засгийн газраас орж ирсэн асуудлууд дээр цэгцтэй нэгдсэн заалттай болох хэрэгтэй. Засгийн газрын зүгээс АНУ, Япон, Канад зэрэг улсуудын Элчин сайдыг томилох асуудлыг гацаасан байх жишээтэй. Ийм жонхуу байдлаар хандаж болохгүй. Энэ бүгдийн цаана олон улсын дипломат харилцаа хөндөгддөг. Ерөнхийлөгч Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр, Ё.Отгонбаяр нарыг дэмжихгүй гэдгээ чуулганы хаалттай хуралдаан дээр хэлж байсан.
-Ерөнхийлөгчийн зүгээс энэ гурван хүнийхээ оронд өөр хүмүүсийг оруулж ирэхийг Засгийн газарт албан бичгээр илэрхийлсэн байна лээ. Б.Хурцыг томилох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ гэсэн. Тийм үү?
-Бодолцох ёстой зүйлс бий. Нэгдсэн нэг бодлоготой болж нэг тийш нь шийдэхгүй бол жонхуу болж гүйцлээ.
Гадаадын хөрөнгө оруулалтанд сөргөөр нөлөөлнө. Б.Хурцтай холбоотой өргөдөл гомдол их байгаа учраас нэг тийш нь цэгцлэх ёстой. Б.Хурцад үнэхээр ийм асуудал байна уу эсвэл хүмүүс гүтгээд байгаа юм уу гэдгийг тодорхой болгож өөрөө ч гэсэн нэрээ цэвэрлэж авах ёстой байхгүй юу.
Б.Хурц буруутай үйл ажиллагаа явуулж энэ хүмүүс хэлмэгдсэн бол хариуцлагаа хүлээх ёстой. Асуудлаа нэг талд нь гаргаснаар өөрт нь болон Монгол Улсад хэрэгтэй. Элчин сайд гэдэг бол Монгол Улсыг төлөөлж буй хариуцлагатай субьект.
Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хэлмэгдсэн, хохирсон хүмүүс айдас төрүүлэм баримтууд гаргаж ирэн ярьж байсан. Үнэхээр тийм зүйл манай хууль хяналтын байгууллагынханд байдаг бол үүнийг таслан зогсоох ёстой. Хуулийнхантайгаа хамтарч байгаад цаашид ийм зүйлс гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах цаг нь болсон байна. Үүний төлөө өөрийн байр сууриндаа хатуу байх болно.
-Удахгүй шинэ он гарна. Татварууд нэмэгдэнэ. Сангийн сайд өндөр цалин авдаг найман хувь нь илүү татвар төлөх цаг нь болчихсон. Ачаалал авахаас өөр аргагүй хэмээн мэдэгдсэн байна лээ. Дундаж давхаргаа л үгүй хийх нь гэж яриад байна. Таны байр суурь ямар байгаа бол?
-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж байх үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн татвар нэмэх тухай ярьж байхад эсэргүүцсэн хүний нэг нь би. Цалин нэмэгдээгүй, инфляци ийм өндөр байгаа үед цалин нэмэх нь буруу. Хүн амын найман хувь нь хамаарна гэж яриад байгаа юм. Судалгаа хийгээд үзэхээр үнэхээр найман хувьд нь хамаарахаар байна лээ. Баян, ядуугийн зааг ялгааг арилгахын тулд чинээлэг дундаж давхаргыг бий болгохын төлөө бид ажиллаж байгаа. Харамсалтай нь энэ татварын асуудал дундаж давхарга руугаа чиглээд эхэллээ. ОУВС-гийнхан “Бид яг ч татвар нэм гэж хэлээгүй. Гэхдээ та бүхэн санхүүгийн арга хэмжээ ав” гэсэн гээд ярьсан даа. Татварын асуудал яригдаж байхад 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүсийн татварыг нэмж байгаад эдийн засаг харьцангуй дээрдэх үед больчихож болно гэж Сангийн сайд ярьж байсан. Ч.Хүрэлбаатар сайд ч мөн ийм зүйл ярьж байна.
Хоёр шатлалтай татварын системтэй улс орнууд байдаг. Тэд эдийн засаг, нийгмийн өнөөгийн түвшин макро эдийн засгийн үзүүлэлттэй нь уялдуулан арга хэмжээ авдаг. Манайд харин ийм арга хэмжээ авах цаг нь болсон уу. Манай улсад 1.5 сая гэдэг бол ахадсан дүн. Тэр хүмүүс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гээд олон татвар төлдөг. Эдийн засаг ийм амаргүй үед хоёр шатлалтай татварын системээ эргэж харах ёстой. Ялангуяа уул уурхайн салбар, олон улсын байгууллагуудад ажилладаг хүмүүст энэ хүндээр тусч байна. Хэдийгээр хүн амын цөөн хувийг эзэлж байгаа ч гэсэн бодолцох ёстой. Уул уурхайн салбарт ажилладаг хүмүүс эхнэр маань гэртээ хүүхдүүдээ хардаг. Татваруудаа төлөөд үлдсэн цалин маань хаанаа ч хүрдэггүй гэж ярьж байсан. Өргөдлийн байнгын хороон дээр хүсэлтүүд ирсэн. Нэгдүгээр сарын нэгнээс татвар нэмэгдэнэ. Нөхцөл байдал хүндрээд ирвэл гишүүдийн зүгээс хууль санаачилахаар явж байна. Татвар нэмэхээс илүүтэйгээр бусад зардлуудаа танах хэрэгтэй. Тухайлбал, арилжааны банкуудад олон улсын төсөл хөтөлбөрийн мөнгийг байршуулан мөнгө угаасан гээд 800 тэрбум төгрөгийн асуудал яригдсан. Энэ мэтчилэн зүйлсийг өөрчлөх замаар асуудлыг шийдэх гарц бий.
-Европын холбоо Монгол Улсыг татварын хар жагсаалтад оруулсан. Нэгэнт татварын асуудал хөндөгдсөнийх татварын реформ хийчихэж болдоггүй юм уу. Татвараа ил тод болгохгүй бол оффшор бүсээс ялгаагүй болчихлоо. Хэн хэдэн төгрөг банкинд байршуулж хэдэн төгрөгийн хүү авч байгаа нь тодорхойгүй байна гээд байгаа?
-Та анзаарсан бол би УИХ-ын гишүүн болоод гурван сарын дараа яг энэ асуудлын хүрээнд “Монгол Улс татварын хүрээнд оффшор бүс болчихоод байгаа юм уу” гээд асуулга тавьж байсан. Манай улс эдийн засгийн өршөөлийн хууль гаргаж маш олон хүнийг өршөөсөн ч, нууцын зэрэглэлтэй гээд ил болоогүй. Манайхан оффшорт мөнгөө хадгалуулсан гээд шүүмжлээд байдаг ч үнэндээ Монголд оффшор бүс байна. Татварын тухай мэдээллийг өгөхгүй байна гэж АТГ-ын дарга Х.Энхжаргал ярьж байсан. Манайхны “хар” хэмээн нэрлээд буй энэ жагсаалтыг Европын холбоо анх удаа гаргасан. Харамсалтай нь анхны 17 орных нь тоонд Монгол Улс орчихлоо. Дэлхийн хэмжээнд татварын систем хаалттай, ил тод биш байна гэдгийг нотлоод өгчихлөө. Европын холбооны төлөөллийн мэдэгдэлд “Энэ бол нилээд дорвитой процесс. Энэ нь ирээдүйд чиглэсэн маш чухал алхам. Эхний жагсаалтад багтана гэдэг нь татварын хувьд дэлхийн хэмжээнд нэн таагүй асуудал юм” гэж дурдсан нь зайлшгүй анхаарах асуудлын нэг болсон гэсэн үг. Түүнчлэн Европын холбоо өөрийн гишүүн орнууддаа уриалга хүргүүлсэн, тухайн холбооны томоохон санхүүгийн байгууллагын зүгээс харилцааны хувьд анхаарна гэсэн мэдээлэл бий. Тиймээс энэ тал дээр хоёр талын сөрөг нөлөөлөл байх магадлалтайг бид анхаарах ёстой. Эдийн засгийн хувьд шууд утгаараа өнөөдөр сөргөөр нөлөөлөх нь харьцангуй бага. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газар, бизнесийн байгууллагын зүгээс тухайн бүс нутагтай харьцах санхүүгийн харилцаанд сөрөг нөлөөлөл бий болох нь гарцаагүй. Нөгөө талаас дэлхийн томоохон эдийн засгийн үүц болох Европын холбоотой тодорхой хэмжээнд асуудал үүсгэх нь гадаад харилцааны хувьд сайн зүйл биш.
-Уг нь хар жагсаалтад орохгүй байх боломж байсан юм билээ. Харамсалтай нь Засгийн газар арга хэмжээ авалгүй байсаар хар жагсаалтад орсон гэх мэдээлэл бий?
-Энэ асуудалтай холбоотой Европын холбооноос гаргасан баримт бичиг (EU list of non-cooperative tax jurisdictions) жагсаалтад нэр бүхий орныг ямар шалтгаанаар хамруулсан болохыг дурдсан байна лээ. Манай орны хувьд Монгол Улс татварын мэдээллийн ил тод байдал болон мэдээлэл солилцох тухай олон улсын форумын гишүүн биш бөгөөд сүүлд OECD-д нэмэлт өөрчлөлт оруулсан Олон талт хамтын ажиллагааны конвенцид гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэсэн үндэслэлийг тодотгосон байсан. Тэгэхээр бид энэ асуудлыг шийдвэрлэх замаар уг жагсаалтаас гарах боломж байна гэсэн үг.
-Засгийн газар оройтсон ч гэсэн арга хэмжээ авч татварын ил тод байдлыг хангахаар хуралдаанаараа шийдвэрлэсэн байна лээ. Татварын орчноо өөрчлөхгүй бол оффшор бүсээс бараг ялгаагүй шахам болсон гэдэгтэй санал нийлэх үү?
-Уг жагсаалтын үндсэн санаа нь татварын хувьд ил тод, нээлттэй, шударга татварын харилцааны асуудал гэж би хувьдаа ойлгож байгаа. Энэ асуудалтай холбоотой баримтууд дээр ч энэ талаар дурдсан. Энэ нь биднийг татварын орчноо шууд өөрчил гэсэн үг биш. Харин татварын талаар олон улсын хүрээнд мэдээллийн нээлттэй, ил тод байх талаар стандарт шаардлагуудыг мөрдлөг болгох ёстой гэж үзэх нь зөв. Үүний тулд Монгол Улс шаардлагуудыг биелүүлэх нь чухал юм. Өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг зувчуулах”-ийн эсрэг байгууллагуудад элсэн орох тухай хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн нь цагаа олсон арга хэмжээ болсон. УИХ-аар уг асуудал орж ирэхэд нь дэмжиж ажиллана.
УИХ-ын гишүүд, салбарын сайд, дэд сайдаас эхлээд төрийн хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс гадныхантай уулзахдаа ярьж хэлэх үг, гадаад орон руу явуулж буй албан бичиг дээрээ анхаарч байхгүй бол болохгүй нь. Монгол төрийн хар хайрцгийн бодлогоо бодож, түүнийг мэдэж, холбогдох байгууллага хүмүүстэйгээ зөвшилцөж байж албан бичгээ явуулдаг байх ёстой. Манайхан хэн дуртай нь янз бүрийн зүйл ярьж хамар доорх хагархай гэгчээр хамаагүй ярьдаг. Гэтэл япончуудтай уулзаж байхад яг л нэг хүн хариулж байгаа мэт бүх хүнийх нь хариулт ижил байдаг гэх мэтчилэн зүйлсээс бид суралцах ёстой. Баялаг бүтээж буй европын орнуудтай худалдаа хийдэг хүмүүст энэ бүхэн сөрөг нөлөө үзүүлж магадгүй.
-Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болж УИХ-ын гишүүн, жирийн иргэн хуулийн өмнө эрх тэгш гэдгийг нотолж шийдвэрээ гаргасан. Цэцийн шийдвэр дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Зарим нь гишүүдийн халдашгүй байдалд халдлаа гэх юм?
-Ганц өгүүлбэр л байгаа юм. “Үйлдэл дээрээ, нотлох баримттайгаар” гэдэг үг нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой гэдэг заалтыг Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хүчингүй болгосон. Нэг талаасаа Их хурлын гишүүн гэдэг бусдаас тэс өөр хүн биш. Үнэхээр ноцтой гэмт хэрэг үйлдсэн, хууль зөрчсөн асуудал үүссэн бол бусдын адил шалгуулах ёстой. Их хурлын гишүүн гэхээрээ хувь хүн биш болчихож байгаа юм. Ард түмний саналаар сонгогдсон элч. Тухайлбал, би 50 мянган хүнийг төлөөлж Их хуралд сууж байна. Тиймээс уг асуудалд нухацтай хандах ёстой л доо. Ёс зүйтэй, хариуцлагатай байж бид үлгэрлэх ёстой юм. Их хурлын гишүүдэд хариуцлага, ёс зүй хоёр хамт явдаг байх хэрэгтэй. Улс төрд бохир технологи их нэвтэрсэн. Өмнө нь Филиппин, Хонгконгод ийм явдал гарч байсан юм билээ. Чухал хууль тогтоомж гаргангуут гадна нь байгаа улс төрийн хүчнүүд гүтгэж байгаад бүрэн эрхийг түтгэлзүүлэх, чөлөөлөх асуудал даамжирч, төрийн эргэлтэд хүргэж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулсан байдаг. Манайд ийм байдал бий болохгүй гэх баталгаа алга.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанд чиглэл өгч энэ талаар тус байнгын хороо судалж байгаа. УИХ-ын гишүүнийг үйлдэл дээрээ, нотлох баримттайгаар гэчихээр хэн тэрийг нь хараад байж байхав дээ. Тэр хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол хариуцлагаа хүлээх ёстой. Нөгөө талаасаа УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэж байна. Зохион байгуулалттайгаар дайрч давшилбал яах вэ. УИХ-ын гишүүний эрх, халдашгүй байдал хоёр ялгаатай. Тодорхой хэмжээний хамгаалалт байх ёстой гэж харж байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүнийхээ халдашгүй байдлын доор гэмт хэрэг үйлдэж, үүнийгээ хаацайлж болохгүй. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр зарим гишүүдийн ёс бус үйлдлээс болж УИХ-ын нэр хүнд унаж байна. Магадгүй Монголын төрийг хүчгүйдүүлэхийн тулд зориуд явуулж байж мэднэ.
Э.ЭНХБОЛД