Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Дорнод аймагт ажиллав

  • 2015 оны 11 сарын 09

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Дорнод аймгийн Халхгол сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид болон тус сумын иргэдээс “Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу 11 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд Дорнод аймаг, Халхгол сум, Ялалт багт тус тус ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, мэдээлэл өгч, Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаа, шийдвэрийн талаар танилцууллаа.   

 



Орон нутгийн томилолтын эхний өдөр /2015.11.05/ Дорнод аймгийн иргэдтэй уулзалт хийж, Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаа, шийдвэрийн талаар танилцуулж, ХХААЯ-ны мэргэжилтнүүд Халхгол чөлөөт бүсийн талаар мэдээлэл хийлээ. Тус уулзалтад аймгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцож, иргэдийн санал хүсэлтийг сонссон юм.

 

Дорнод аймгийн иргэд

Түүнчлэн 1659 иргэний өргөдлийг холбогдох Байнгын хороонд хүргүүлсэн Халхгол сум болон Ялалт багт /2015.11.06/ ажиллаж, иргэдтэй уулзалт хийж, холбогдох мэдээлэл танилцуулан, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

 

Халхгол сумын иргэд

Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсийн талаар хийгдэж байсан урьдач судалгаа, орон нутгийн санал, загвар аж ахуй болон иргэдийн дунд байгаа нийтлэг асуултад хариулж ажиллаа. Дорнод аймгийн Халхгол суманд хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт хийх, их хэмжээний үйлдвэрлэл бий болгох, сэргээн хөгжүүлэх талаар 1960-аад оноос хойш нийт 13 судалгаа хийгдэж байсан. Түүнчлэн, 2011 оноос хойш Дорнод аймгийн Засаг даргаас 2 удаа чөлөөт бүс байгуулах хүсэлтийг Засгийн газарт тавьж, ИТХурлаар дэмжиж байсан талаар мэдээлэл өгсөн.

Мөн, Халхгол суманд “Халхгол төсөл” нэртэй 200 га газар хөдөө аж ахуйн загвар аж ахуй 2010 онд байгуулагдан амжилттай хэрэгжиж байгаа талаар танилцуулав. Халхгол чөлөөт бүсийн зурвасыг бүхлээр нь хашихгүй бөгөөд зөвхөн үйлдвэрлэл, хорио цээр, гаалийн бүс бүхий чөлөөт бүсийн 5 хувийн газрыг хашиж хорио цээрийн онцгой дэглэмхэрэгжүүлнэ. Харин чөлөөт бүсийн 14 хувь нь тариалангийн талбай бусад 80 гаруй хувь нь хөдөө аж ахуйн аялал жуулчлал, бэлчээрийн мал аж ахуй үйлдвэрлэлийн бүс байхаар төлөвлөсөн байна. Иймд, малчин иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудал огт үүсэхгүй. Үйлдвэр, хорио цээр, гаалийн талбай нь түүхийн дурсгалт болон соёлын өв болсон газрыг хамруулаагүй тул нүүдлийн соёл, ахуй амьдралд сөргөөр нөлөөлөхгүй байхаар Халх гол чөлөөт бүсийг төлөвлөж байгаа талаар ХХААЯ-ны мэргэжилтнүүд иргэдэд мэдээлэл танилцуулсан. Халхгол чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлснээр мал эмнэлгийн үйлчилгээ хурдан шуурхай, чанартай болж малын эрүүл мэнд сайжрах нөхцөл бүрдэх юм. Үүнийг даган малчид зөвхөн өрхийн хэрэглээгээ хангах төдийд бус мал аж ахуйгаа эрчимжүүлэн, эдийн засгийн үр ашигтай уламжлалт мал аж ахуй эрхлэх, хөдөө аж ахуйн аялал жуулчлалаар дамжуулсан амьжиргаагаа дээшлүүлэх, нэмэлт орлого олох боломж нэмэгдэх юм байна. Түүнчлэн орон нутагт хийгдэх хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлээс үүдэн 1000 гаруй шинэ ажлын байр бий болж, судалгаа сургалтын төвүүд байгуулагдсанаар Халхгол сумын иргэд орон нутагтаа ажиллаж, сурах боломж нэмэгдэх юм байна.

 

Ялалт багийн иргэд

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Орон нутгийн иргэд шат шатны байгууллагууд ямар нэг шийдвэр гаргахдаа олон нийт, тэр дундаа тухайн бүс нутгийн иргэдэд тодорхой мэдээлэл өгөөгүй, хэлэлцэж ярилцалгүй шууд шийдвэр гаргадаг талаар нэлээд шүүмжилж байна. Энэ байдлаас үүдэн төрийн байгууллага-иргэд ойлголцохгүй, гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа дүр зураг харагдлаа. Тухайлбал, Халхгол чөлөөт бүс байгуулах асуудал зөвхөн 2015 онд яригдаад, батлагдчихсан биш. Бүр 2006 онд судалгааг нь хийж, 2010 онд чөлөөт бүсийн төслийг боловсруулж, 2015 онд батлагдсан байхад нутгийн иргэд хангалттай мэдээлэл аваагүй гэж байна. Ойлголтгүй байдлаасаа болж УИХ-ын 2015 оны 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргаад байгаа юм байна гэж би хувьдаа дүгнэлээ” гэв. Цаашид орон нутгийн иргэд болон олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх, ойлголтын зөрүүг арилгах тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг тэрээр тэмдэглэж байв.

 

 

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү орон нутгийн томилолтынхоо үеэр “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д ажиллан, өнгөрсөн 08 дугаар сард Ажлын хэсгээс хүргүүлсэн 4 шаардлагыг биелүүлсэн эсэхийг /2015.11.07/ хянасан юм. Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирсэн гомдлын дагуу 08 дугаар сард тус байнгын хорооны Ажлын хэсэг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, шаардлага хүргүүлсэн юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 207 км  асфальтан зам тавих асуудлыг шийдэх шаардлагын хүрээнд өнөөдөр 107 км замыг ашиглалтад оруулаад байгаагаа танилцуулсан юм. Үлдсэн 100 км замыг хоёр хувааж, монголын компаниудаар гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн бөгөөд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх гэж байгаа гэдэг мэдээллийг Байнгын хорооны даргад танилцуулсан юм. “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д ажиллах үеэрээ Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “20 гаруй жил яригдсан 207 км замын асуудал үндсэндээ шийдэгдэж байна. Газрын тосны газар болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам хооронд тодорхой зохицуулалт хийснээр, яам бүрэн хяналт тавьж, хугацаатай үүрэг өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 31 өдөр бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Үндсэн 207 км зам дээр нэмээд 68 км замыг нэмж барих гэрээ хийсэн, удаашралтай ч гэсэн үр дүнтэй байгаа нь дэвшил гэж үзэж байна. Мөн монгол ажилчдад ээлжийн амралт өгөх ёстой гэдэг шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байна” хэмээн дүгнэсэн юм.

 

Мөн  “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний газрын тосны 22 дугаар талбай буюу 783 мянган га талбайтай холбоотойгоор үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцаж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар маргаантай асуудлыг шийдэх боломжийг судалж, нарийн шалгалт явуулна хэмээн Байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлсэн юм.

 

Дорнод аймагт ажиллах үеэрээ мөн "Алтай групп"-ын малын тэжээлийн үйлдвэр, Хилийн цэргийн 0191 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүг Дорнод аймагт ажиллах үеэр Өргөдлийн байнгын хорооны Ахлах зөвлөх С.Заяадэлгэр, ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Н.Ариунболд, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Даваацэрэн, Халхгол төслийн мэргэжилтэн Г.Мөнхмаргад, Зам, тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн лабориторийн эрхлэгч Д.Мөнхтүвшин болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав