Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо орон нутагт сургалт явууллаа

  • 2015 оны 10 сарын 26

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү болон тус Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд 2015 оны 10 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллаж “Хууль тогтооход иргэн таны санал чухал“ сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Сургалтанд Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтнууд, сум, багуудын засаг дарга, иргэдийн нийтийн хурлын дарга нар, холбогдох албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөн оролцлоо.

Сургалтын үйл ажиллагааг нээж байнгын хорооны дарга О.Баасанхүү, Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулж буй уулзалтад хүрэлцэн ирсэн оролцогчдод талархал илэрхийлж, байнгын хорооны үйл ажиллагааны талаар танилцууллаа.

 

 

Өргөдлийн байнгын хороо нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг хангах, сайжруулах асуудлаар гаргасан өргөдлийг судалж, шийдвэрлэхээс гадна өргөдлийг судлах хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллах, уулзалт, хэлэлцүүлэг, нээлттэй сонсгол хийх, газар дээр нь танилцах, хяналт шалгалт хийх, гэрч, шинжээчийг сонсох, албан тушаалтнаас тайлбар авах зэргээр ажилладаг.

Түүнчлэн цахим хуудсаараа дамжуулан цахим өргөдөл хүлээн авах, шийдвэрлэн хариуг нь шуурхай мэдээлэх шинэ системийг амжилттай ажиллуулж та бүхний urgudul.parliament.mn цахим хуудаст хандан өргөдлөө цахимаар гаргах, шийдвэрлэлттэй танилцах, хариугаа цахимаар авах боломжтой болохыг дурдав.

Өргөдлийн байнгын хороонд 2015 он гарсаар нийт 2834 өргөдөл ирүүлсний 1676 буюу 52.9 хувь нь хувийн асуудлаар гаргасан өргөдлүүд байна. Нийт өргөдлийн 46 буюу 1.6 хувийг Орхон аймгийн иргэдээс ирүүлжээ. Орхон аймгийн иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар 20 өргөдөл, хувийн асуудлаар 26 өргөдөл ирүүлсний мөнгөн тусламж хүссэн 3, сургалтын төлбөрийн асуудлаар 2, ажилд орох 8, орон байр, гэр хүссэн 4, эмчилгээний зардалд тусламж хүссэн 2, шагналын асуудлаар 7 өргөдлийг ирүүлсэн байна.

Иргэдийн санал, хүсэлтийн дагуу амьдрал дээр хэрэгжихгүй байгаа хуулийн хэрэгжилтийг шаардаж, шаардлагатай бол боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бодитоор хангаж ажиллах нь манай Өргөдлийн байнгын хорооны үндсэн зорилт мөн гээд Байнгын хороо энэ хүрээнд ирсэн өргөдлийг хүлээн аваад гишүүддээ хуваарилан судалж, хэлэлцүүлэг зохион байгуулах, шаардлагатай бол газар дээр хяналт шалгалт зохион байгуулах, албан тушаалтнуудыг байлцуулан нээлттэй сонсгол зохион байгуулж нээлттэй тайлбар өгүүлэх, Байнгын хороог хуралдан Засгийн газар болон холбогдох байгууллагад чиглэл, даалгавар өгөх, хууль санаачлагч нарт санал дүгнэлт хүргүүлэх зэргээр ажиллаж байгааг танилцуулав.

 

 

Мөн 2015 он гарсаар боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, нийгмийн халамж, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх зэрэг салбарыг хамарсан тулгамдсан асуудлуудыг иргэдийн өргөдлөөр хэлэлцэж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Засгийн газар, эрх бүхий байгууллагуудад чиглэл, санал хүргүүлэх тогтоол, тэмдэглэл гаргаж шийдвэрлэсэн байна.

Цаашид иргэдийн санал, хүсэлтийн дагуу амьдрал дээр хэрэгжихгүй байгаа хуулийн хэрэгжилтийг шаардаж, шаардлагатай бол боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бодитоор хангаж ажиллах болно гээд өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирсэн албан тушаалтнуудыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр саналаа хэлж, уулзалтад идэвхтэй оролцохыг хүслээ.

 

 

Дараа нь Өргөдлийн байнгын хорооноос иргэдийн өргөдлийг хэрхэн судлаж шийдвэрлэж ажиллаж байгаа туршлагын талаар Ахлах зөвлөх С.Заяадэлгэр, Иргэдээс ирүүлж өргөдлийг шийдвэрлэх арга хэлбэрүүд сэдвээр Зөвлөх П.Туяа, Парламент болон иргэдийн Төлөөлөгчдийн байгууллагад иргэдийн өргөдлийг хэрхэн хүлээж авч шийдвэрлэж ажилладаг талаарх гадаадын зарим орны туршлагаас, ХБНГУ-ын Бундестагийн болон Берлин хотын туршлагын талаар Зөвлөх Э.Баярмаа, Хууль, эрх зүй, төрийн байгуулалтын асуудал, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай холбоотой нийтлэг өргөдөл, хүсэлтүүдийн талаар Референт Х.Энэбиш, Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, ашигт малтмал, уул уурхай, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох талаарх өргөдлийн талаар Х.Баттөгсөх, Нийгмийн халамж, үйлчилгээ, ахмадууд үзүүлэх халамж, орон сууцны хөтөлбөр, шагнал, боловсролын талаарх өргөдлийн талаар Ц.Энх-Амгалан нар салбар чиглэл тус бүрээр иргэдийн өргөдлийг хэрхэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх талаар арга зүйн зөвлөмж өгч, санал солилцов.

 

 

 

 

Мөн оролцлогч нараас иргэдийн өргөдлийг шуурхай үр дүнтэй шийдвэрлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар саналаа хэлж, харилцан ярилцлага хийлээ.