Өргөдлийн байнгын хорооноос Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халж байгаа талаар мэдээлэл хийв

  • 2015 оны 03 сарын 30

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /3-р сарын 30/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, хоёр асуудлаар мэдээлэл хийлээ.

        Мэдээллийн эхэнд Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй албан тушаалтан төрийн албан хаагчдыг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан тухай өргөдлүүдийг Өргөдлийн байнгын хороонд цөөнгүй ирүүлж байгааг сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.       

       Тэрбээр ярихдаа "Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг зөвхөн тухайн яамны албан тушаалтнууд дотроос Засгийн газар тавих ёстой атал сайд тушаал гарган тавьж байгаа, тэрхүү орлон гүйцэтгэгч хэнийг ч халах солих эрхгүй, өөрөөр хэлбэл, санхүүгийн эрх мэдэлгүй, зөвхөн тухайн албан тушаалтныг орлох үүрэгтэй атал зарим яам, агентлагт төрийн албанаас олон хүнийг үндэслэлгүйгээр халж байна" гэв. Энэ асуудалтай холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Эрүүл мэнд, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нартай 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр уулзаж, хууль тогтоомжийн хүрээнд төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус байх зарчмыг баримтлан ажиллахыг чиглэл болгосон байна.

        “Төрийн нарийн бичгийн дарга, түүний үүргийг түр орлон гүйцэтгэгч нь төрийн албан хаагчийг хууль зөрчин ажлаас нь үндэслэлгүйгээр халсан гэж шүүхээс тогтоовол төрийн албан хаагчид учирсан хохирлыг улсын төсвөөс нөхөн төлөх нөхцөл байдал үүсэхээр байгаа. Тиймээс энэ мэт төсөвлөгдөөгүй зардал улсын төсвөөс гарах тул Төрийн албаны тухай хуулийн 4-р зүйл, Иргэний хуулийн 498-р зүйлийн 5-д заасныг удирдлага болгон, учирсан хохирлыг төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан эрх бүхий албан тушаалтнаас шаардан гаргуулах ажлыг зохион байгуулж, үр дүнг эргэн мэдээлэх нь зүйтэй гэсэн чиглэлийг Засгийн газарт өгч байгаа”-гаа Байнгын хорооны дарга мэдэгдсэн юм.

        Өргадлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү дараа нь Монгол Улсын хилийн боомтын хяналт шалгалтын асуудал зарим талаар доголдож байгаа талаар дурдлаа. Тухайлбал, урьд өмнө хилийн цэргийн ажил үүрэгт хамаарагдаж байсан хилийн боомтын хяналт шалгалтын ажлыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт хариуцуулснаар тухайн байгууллагын хүн хүч хүрэхгүйгээс хилээр гарч буй машинд үзлэг шалгалт хийх ажил тодорхой хэмжээгээр орхигдож байгаа аж. Үүний улмаас машин дотор бүхэл бүтэн хүн нууж хилээр гаргасан, тухайн хүн уг машинд нас барсан тохиолдол хүртэл гарсан тул хилийн боомтын хяналт шалгалтын асуудлыг эргэн харах зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр анхааруулж байв. Нөгөөтэйгүүр хилийн боомтын хяналт шалгалтын хувьд хойд, урд хоёр хөрш маань зөвхөн ижил төстэй байгууллагуудтай харилцах шаардлага тавьдаг бөгөөд манай хяналт шалгалт муугаас болж Монголын хилээр гарсан ч урд хөршийн хил дээр очоод шалгагдаж байгаа хэрэг цөөнгүй байгаа гэнэ.

Тиймээс Өргөдлийн байнгын хороо Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийг судалж үзээд амьдралд нийцэхгүй байгаа зарим асуудлаар өөрчлөлт оруулах тухай саналыг хуулийн төсөл өргөн барих эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр ажиллаж байна