УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ажиллав

  • 2016 оны 06 сарын 06

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл нар өнөөдөр /2016.06.06/ Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ажиллан, уулзалт хэлэлцүүлэг хийв. 

Улсын Их Хурал хууль, тогтоомж батлан Монгол Улсын төрийн бодлогыг тодорхойлох, баталсан хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, иргэд олон нийтэд сурталчлах чиг үүргийг хүрээнд Өргөдлийн байнгын хорооны бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ажиллаж байгааг Байнгын хорооны дарга Ж.Батзандан танилцууллаа. Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганаар "Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичиг батлагдсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдсан. Энэ хүрээнд батлан хамгаалах салбарын багц хуулиудыг шинэчлэн боловсруулсан ба Улсын Их Хурал хэлэлцэн, батлагдах шатандаа явж байгаа талаар танилцуулж, мэдээлэл өгөв. Энэхүү багц хуулийн төсөлд Өргөдлийн байнгын хороогоор дамжуулан өгсөн саналууд тусгагдсан болохыг Байнгын хорооны дарга Ж.Батзандан дурдлаа. 

Монгол Улсын Батлан хамгаалахын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай болон тэдгээрийг дагалдах бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурал хийхээс өмнө Өргөдлийн байнгын хороогоор дамжуулан санал, хүсэлтээ уламжлах боломжтойг мөн дуулгав. 

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ, Өргөдлийн байнгын хороо бол 2012 оны Улсын Их Хурлын бүтцэд шинээр байгуулагдсан. Иргэдтэй хамгийн ойр ажиллаж, тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлэхэд нь бололцооныхоо хэрээр оролцож ажилладаг. Түүнчлэн Улсын Их Хурлын баталсан хууль, тогтоомжууд амьдралд хэр нийцэж байгааг, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилладаг. 

 

Цэргийн албан хаагчдын нийгмийн асуудалтай холбоотой хуулийн төслийг боловсруулан ажиллалаа. Цэргийн албанаас тэтгэвэрт гарсан хүн энгийн байгууллагад ажилладаг ба энэ хугацаагаа нэмж тооцуулан тэтгэвэр тогтоолгох эрх зүйн зохицуулалт хийх хуулийн төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд хамтран боловсруулан. Төслийг Засгийн газарт хүргүүлсэн байгаа, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ажилласан. Уг хуулийн төсөл батлагдах юм бол цэргийн албанаас тэтгэвэрт гарсан иргэд энгийн байгууллагад ажилласнаар тэтгэврийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломж бүрдэх юм гэлээ. 

Батлан хамгаалах салбарын мэргэжилтэн, албан хаагчдаас Өргөдлийн байнгын хороонд нийгмийн асуудлаа шийдүүлэх хүсэлт, өргөдөл ирүүлсэн болохыг Байнгын хорооны дарга Ж.Батзандан мөн энэ үеэр танилцууллаа. Үүний дагуу Байнгын хорооноос Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн холбогдох заалтыг боловсронгуй болгох талаар судалж, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөр хэлэлцэн Байнгын хороонд танилцуулах чиглэлийг Засгийн газарт өгсөн болохыг танилцуулсан. Мөн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй батлан хамгаалах салбарын багц хуулиудын төслийн хүрээнд хийгдэж буй шинэчлэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөв. 

Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хууль, эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотойгоор санал хүсэлтээ уламжлав. Ангийн захирагч, хурандаа С.Батболд, Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй батлан хамгаалах салбарын багц хуулиудад цэргийн байгууллагын ажилтнууд, алба хаагчдын ажлын нөхцөл байдал, нийгмийн асуудлуудыг сайжруулсан олон зохицуулалт шинээр орж байгаа. Ойрын хугацаанд батлагдана хэмээн найдаж байна. Манай анги нэгтгэлийн хувьд өдөр тутмын үйл ажиллагаа, бэлтгэл сургуулилт, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна онцгой үүрэг биелүүлж ажиллаж байна. Тиймээс тус онцлогийг харгалзсан хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна хэмээн танилцууллаа. Мөн цэргийн албан хаагчдын ар гэрийнхэн, цэргийн анги нэгтгэлд ажиллаж буй энгийн ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зохицуулалтуудыг тусгах хүсэлтүүдийг хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, хуулийн төслүүдтэй холбоотой хэлэлцүүлэг өрнүүлсний дараа цэргийн алба хаагчдын амьдарч буй орчин нөхцөлтэй танилцсан юм