Өргөдлийн байнгын хороо 2014-2015 оны намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа

  • 2015 оны 03 сарын 17

  Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /3-р сарын 17/ 2014-2015 оны намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан Төрийн ордны Б танхимд хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

        Эхлээд Байнгын хорооны дарга О.Баасанхүү хорооныхоо ажлыг

        1.Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар;

        2. Хяналт шалгалтын ажлын талаар;

        3. Хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар;

        4. Мэдээлэл, сургалт, сурталчилгаа, бусад ажлын талаар гэсэн 4 чиглэлээр товч мэдээлсэн юм.

        Түүний өгүүлснээр бол ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо 8 удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцэн 9 тогтоол гаргаж, хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгуулах асуудлаар Засгийн газарт удаа дараа чиглэл өгснөөс гадна хорооныхоо дүрэм, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцах салбарын хуваарийг шинэчлэн баталсан байна.

        Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хуралд 1366 өргөдөл ирүүлсний 14 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, харин 86 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байжээ. Тайлангийн хугацаанд тус хороо 3434 иргэний өргөдлийг багцлан хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэснээс 506 хүсэлт буюу 37 хувийг нь судлан шууд хариу өгсөн бол 272 хүсэлт буюу 20 хувийг нь харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар нийт 778 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 596 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байгаа аж.

        Байнгын хорооны тогтоолоор тус хорооны дарга О.Баасанхүүгээр ахлуулсан Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг, мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан Бэлчээртэй холбогдсон харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус тус байгуулагдан ажиллаж байгаа юм байна.

        Өргөдлийн байнгын хорооны гишүүд уул уурхайн салбарт газрын дор болон хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй иргэдийн нөхөн төлбөр, Налайхын уурхайд ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 300 орчим иргэний нийгмийн асуудлаар Байнгын хорооны тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгч шийдвэрлэсэн бөгөөд уг асуудлыг тавьсан иргэд одоо Засгийн газарт шаардлага тавих ёстой гэж О.Баасанхүү дарга тэмдэглэн хэлсэн юм.

        Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч төлбөр нь төлөгдөөгүй тул буцаан эзэмших хүсэлт гаргасан 3375 иргэний асуудлыг шийдвэрлэж Байнгын хорооны тогтоол баталсан бөгөөд уг тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломж бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгах чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.

        Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн эхнэр нөхөр, үр хүүхэд болох 78-92 насны 400 орчим иргэнээс ирүүлсэн 29 өргөдлийг хорооны гишүүд судалж байгаа бөгөөд тэдний хүсэлтийг хянан шийдвэрлэх тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа аж. Үүнээс гадна нийслэлийн Баянзүрх дүүргийн 84-р дунд сургуулийн барилгад өргөтгөл хийх асуудлаар сурагчдын эцэг эхчүүдээс ирүүлсэн өргөдөлтэй холбоотой 1,3 тэрбум төгрөг төсөвт тусгуулсан зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэнэ.

        Байнгын хорооны даргын мэдээллийн дараа тус хорооны гишүүн Ж.Батзандан ярихдаа:

        - Дээр дурдсан асуудлуудаас гадна Өргөдлийн байнгын хороонд өөр олон асуудлаар иргэд санал хүсэлтээ ирүүлдэг тул хорооны гишүүд тухай тухайн чиглэлээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Жишээ нь, 1990-ээд оны эхээр иргэдээс авдаг болсон МҮОНРТ-ийн хураамжийг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж өргөн бариад байгаа. Төсвөөс 7 тэрбум төгрөг авдаг атлаа иргэдээс ийнхүү хураамж авдаг нь шударга бус хэрэг гэж үзэж байгаа тул үүнийг таслан зогсоох асуудал Улсын Их Хурал дээр дэмжлэг авна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

        Тэрбээр бас “Тус байнгын хороонд төрийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр иргэдээс олон хүсэлт ирүүлсэн. Улс төрчдийн хариуцлага, сахилгатай холбоотой дүрэм журам цөөнгүй байдаг ч харамсалтай нь хэрэгждэггүй. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд бусдын өмнөөс кнопка дарвал хэрхэх, ямар хариуцлага тооцох талаар тодорхой тусгаагүй байдаг тул үүнийг тодорхой болгох шаардлагатай. Бусдын өмнөөс кнопка дардаг, хуралдаа согтуу ирдэг, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон цагаар хуралдаан тасалдаг явдлыг сонгогчдоо доромжилсон хэрэг гэж үзэх ёстой. Улс төрчдийн энэ мэт хариуцлагагүй байдлыг таслан зогсоохын тулд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж эргүүлэн татах, Захиргааны хариуцлагын тухай хуульд тусгай бүлэг болгон оруулах зэргээр эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлаа тасалсан гишүүнд тасалсан минутынх нь тооогоор мөнгөн торгууль ногдуулах гэхчлэн Монголын төрийг хариуцлага, ёс зүйтэй байхыг шаардаж буй хэд хэдэн хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьж байгаа” гэсэн юм.

        Хэвлэлийн бага хурлал дээр мэдээлснээр бол ирэх 4-р сарын 8-наас эхлэн Төрийн ордны зүүн жигүүрийн 4-р давхарт Нээлттэй сонсголын танхим нээгдэх аж. Тодорхой асуудлаар иргэд, олон нийтийн зүгээс 900-гаас дээш тооны өргөдөл ирсэн тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг хийх бөгөөд энэ нь шууд ардчиллыг бий болгон төлөвшүүлэх, парламентыг илүү нээлттэй болгох, засаглалыг ард түмний гарт жинхэнэ утгаар нь өгөхөд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байгаа юм байна. Тиймээс тус хорооны гишүүд нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй зэрэг дүүрэгт ажиллаж, газар олголтын асуудал, Боловсролын хуулийн хэрэгжилт, сургуулиудын багтаамжийн асуудалтай газар дээр нь танилцан энэ бүх асуудлыг багцалж иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.