Оюутолгой компани Ханбогд сумын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж чадахгүй байна

  • 2015 оны 06 сарын 23

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд /2015.06.20-21/ Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад ажиллалаа.

О.Баасанхүү: Оюутолгой компани орон нутгийн бүтээн байгуулалт,

хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж чадахгүй байна

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Өмнөговь аймгийн Ханбогд сумын аж байдалтай танилцахаар энэ удаагийн томилолтоо эхлүүлсэн юм.

Байнгын хорооны даргыг Ханбогд сумын ИТХ-ын дарга, засаг даргын орлогч болон албаны бусад хүмүүс угтан авав.

Ханбогд сумын ИТХ-ын дарга Х.Нэхийт сумын өнөөгийн аж байдлын талаар танилцуулаад тулгамдаад буй асуудлуудын талаар байнгын хорооны даргад дуулган харилцан санал солилцсон юм.

Өнгөрсөн оноос 24 цагийн цахилгаантай болсон тус суманд өнөөгийн байдлаар 5200 орчим иргэд суурьшин амьдарч байна. Нийт иргэдийн 600-800 гаруй нь Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад оролцон ажиллаж байгаа бөгөөд “Оюу толгой” төсөл болон сум хооронд байгуулсан “хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу тус сумын төвд 4.8 км зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Мөн төслөөс сумын хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж өгчээ.

Суманд шилжин ирэгсдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээнд ачаалал бий болж суманд сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээгүй байдал бий болоод байна. Анх 450 хүүхдийн багтаамжтайгаар баригдсан сургуулийн барилгын дэргэд 2 жилийн өмнө төсвийн хөрөнгөөр 100 гаруй хүүхдийн суудалтай өргөтгөл хийгдсэн ч өнөөгийн байдлаар сургуульд 875 гаруй хүүхэд суралцаж байна.

Сургуулийн хувьд нэг ангид 30 гаруй хүүхэд хичээллэдэг. Сумын хэмжээнд дотоод нөөцөө ашиглаад хүүхдүүдээ сургаад явж байна, харин суманд инженерийн шугам хийгдэж байгаа энэ үед дотуур байр болон сургуулийн байраа шугаманд холбуулчихвал хүүхдүүдийн сурах орчин нөхцлийг сайжруулахад чухал ажил болох юм. Сургуулийн барилга дотор бие засах газар, ариун цэврийн өрөөг шийдэх боломжгүй бөгөөд барилгын гадна нэмэлтээр жижигхэн өрөө барьж бохирын болон цэвэр усны холболт хийх, шинээр баригдсан дотуур байранд дөрвөн тасалгаатай душ суурилуулахад нийтдээ 40 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа тухай гишүүнд хэлж байсан. Уг санхүүжилтийг сумын төсвөөс хийх боломжгүй бөгөөд инженерийн шугамын ажил ирэх сарын 20 гэхэд сургуулийн шугамыг хийж дуусгах бөгөөд нэгэнт холболт хийгдсэн тохиолдолд дараа нь дахин холболт хийхэд 40 саяаас илүү хөрөнгө шаардлагатай болох учраас ийнхүү гишүүнд хандан учир байдлыг хэлж, тусламж хүсч байсан.

Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр жил дамжин 50 хүнийг нэг дор эмчлэх боломжтой эмнэлгийг барьж өнгөрсөн сард ашиглалтад хүлээн аваад байгаа ч төсөв батлахдаа барилга байгууламжийн зардлаас гадна доторх тоног төхөөрөмжийн зардлыг шийдээгүйгээс үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдал бий болоод байгаа тухай Х.Нэхийт дарга уулзалтын дундуур тайлбарлаж байв. Тэрээр, эмнэлгийг бүрэн хүчин чадлаар нь ашиглах, тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлүүлэхээр аймгийн удирдлагууд болон ЭМСЯ-ны холбогдох ажилтнуудад асуудал тавин хөөцөлдөж байна хэмээв.

Хэдийгээр улсын томоохон хилийн боомт, дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт тус сумын нутаг дэвсгэрт харъяалагддаг ч сумын төсөвт түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрөөс өөр уул уурхай, хилийн боомтоос ямар нэгэн татвар хураамж байдаггүй. “Оюу толгой” төсөл хэрэгжиж эхэлсэн сүүлийн арав гаруй жилийн хугацаанд сумын бүтээн байгуулалтад дорвитойхон хийсэн хөрөнгө оруулалт байхгүй байгаа нь сумын ИТХ-ын даргатай хийсэн уулзалтын үеэр дурьдагдаж байсан.

Ханбогд сумын аж байдалтай танилцсаны дараа О.Баасанхүү гишүүн тус сумын нутагт байрлах “Оюу толгой” төслийн уурхайн ажлын талбарт очиж сайтын удирдлагуудтай уулзан Ханбогд сумын удирдлагуудын хүсэлт болон иргэдийн аж байдлын талаар санал солилцож төслөөс хэрэгжүүлж буй орон нутгийн хөгжилд жил бүр зарцуулдаг таван сая долларын хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Мөн тэрээр, сумын удирдлага, иргэдийн хүсэлтийг компанийн удирдлага, ТУЗ-ын гишүүдэд уламжилж өгөхийг уурхайн талбарын удирдлагуудаас хүссэн юм.

Уулзалтын дараа О.Баасанхүү гишүүн, Оюутолгой, Тавантолгой төсөлтэй холбогдуулан дээрх сум хотын хэмжээнд хөгжинө гэсэн мөрөөдөл тээж байсан. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Ханбогд суманд төдийлөн дорвитой бүтээн байгуулалт хийгдээгүй болохыг бид харлаа. Энэ жил тус компани сумын төвд автозам барьж өгсөн байна. Гэхдээ энэ нь ердөө нэг л машин зорчих өргөнтэй.

Мөн Оюутолгой компани Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургуульд өөрсдийн ашиглаж байсан 40 ширхэг компьютер өгчихөөд сургуульд нь томоохон дэмжлэг үзүүлсэн мэтээр ярьж, санхүүгийн тайландаа тусгасан байна. Түүнчлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн бие засах газар, халаалт өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа зэрэг нь Оюутолгой компани орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж чадахгүй байгаагийн жишээ юм гэж дагалдан явсан хэвлэлийн ажилтнуудад хийсэн мэдээлэлдээ онцоллоо