“Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн нээлт боллоо

  • 2015 оны 12 сарын 11

“Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн нээлт өнөөдөр /2015.12.11/ Төрийн ордонд боллоо. Улсын Их Хурлын Тамгын газар, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ хамтран, НҮБ-ын Ардчилал сангийн дэмжлэгтэйгээр энэхүү төсөл хэрэгжих юм.

Төслийн нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэллээ. Тэрээр төслийг хамтран хэрэгжүүлэх байгууллагуудын төлөөлөлд талархал илэрхийлээд, Улсын Их Хурлаар Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хуулиуд батлагдаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нөхцөл бүрдэж байна. Энэ хүрээнд “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжинэ гэдгийг танилцууллаа. Мөн тэрээр орчин үеийн техник технологийн боломжийг ашиглан иргэд хамгийн хялбар аргаар хуулийн төсөлд санал өгдөг байхаар төслийг хэрэгжүүлнэ гэдгийг хэллээ.

Түүнчлэн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нар оролцож үг хэлсэн юм.

“Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд гурван үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Тухайлбал платформыг /вэб аппликэйшн/ хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх, хэрэглээг эрчимжүүлэх, тогтвортой байдлыг хангах гэсэн үйл ажиллалааг хэрэгжүүлэх аж.

Төслийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Төслийн менежер А.Мөнхнаран “Иргэдийн оролцоотой цахим платформ” болон төслийн танилцуулгыг хийсэн юм. Мөн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн нэгжээс хууль тогтоомжийг олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах ажиллагааг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Нээлтийн арга хэмжээний төгсгөлд оролцогчид асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлэн, байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөний гүйцэтгэх захирал С.Оюунтуяа нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа