Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулахаар тогтов

  • 2015 оны 11 сарын 04

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.04/ хуралдаанаар нэг асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн боловч хурал даргалагч дахин нэг асуудал оруулах горимын санал гаргав. Санал хураалт явуулахад нийт оролцсон гишүүдийн 88.9 хувийн саналаар хоёр дахь асуудлыг хэлэлцэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдааны эхэнд Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байлаа.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ажлын хэсгийн гишүүнээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Сарангэрэл нарыг томилж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга тус Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулсан юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга О.Баасанхүү, Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн, халагдсан гэсэн иргэдийн гомдол мөн Шилэн дансны тухай хууль зөрчиж байгаа асуудлаар зөрчлийг арилгах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний таалаарх Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын тайланг Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа тул тайланг 2015 оны 10 дугаар сарын 29-ний дотор ирүүлнэ үү гэсэн албан бичиг явуулсан талаар танилцуулсан юм.

Байнгын хорооны дарга О.Баасанхүү, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоос дээрх албан бичгийн хариу ирснийг хуралдаанд оролцсон гишүүдэд танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул Монгол Улсын хууль, Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хариуцлага тооцож, огцруулах асуудлын талаар Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооноос тогтоол гаргахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо