Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг батлав.

  • 2016 оны 11 сарын 24

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.11.23/ 14 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. 

 

 

Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат танилцуулав. Тэрээр, Өргөдлийн байнгын хороонд сүүлийн 2 жилийн хугацаанд Туул голын усан дахь бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрч, цэнгэг усны загас жараахай устаж, голын урсац зарим үед тасалдаж байгаа тул Туул голыг хамгаалах арга хэмжээ авах, Туул голын сав газар, энгийн хамгаалалтын бүсэд элс, хайрга олборлож газрын хөрсийг эвдэж байгааг зогсоох, арьс ширний үйлдвэрүүд стандартын шаардлага хангаагүй бохир усыг Туул голд урсгаж голын усыг бохирдуулж байгаад хяналт тавих, нөхөн сэргээлт хийлгүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар Нийслэлийн болон Төв аймгийн Заамар сумын нийт 5846 иргэн, мөн “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “Мөнх ногоон хас” ТББ-уудаас өргөдөл ирүүлсэн. Өргөдлийн байнгын хорооноос дээрх өргөдлүүдийн дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар мэдээлэл авах уулзалтыг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, Байнгын хорооны 2016 оны 02 дугаар тогтоолоор Туул голын бохирдлыг бууруулах асуудлаар тус Байнгын хороонд ирүүлсэн иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, миний бие ахалж, гишүүдэд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Дамба-Очир, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан нар ажиллав. Ажлын хэсгийн хүрээнд 2016 оны 11 дүгээр сард Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, Үйлдвэрийн урьдчилсан цэвэрлэх “Харгиа” байгууламж болон ойролцоох арьс ширний үйлдвэрүүд, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшин элс, хайрга, дайрга олборлон үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлын хэсэг хуралдсан гэлээ. Түүнчлэн Туул голын усны бохирдлын түвшин, шалтгаан, Туул голын бохирдолд голлон нөлөөлж буй хүчин зүйлс, Төв цэвэрлэх байгууламжийн ус цэвэршүүлэлтийн байдал, Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн хэрэглээнээс гарсан бохир усны талаар болон бусад үйлдвэрүүдийн хэрэглээнээс гарсан бохир усны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

 

 

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд холбогдох яам, газар болон ажлын хэсэг, дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлахад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар энэ асуудлыг бодитойгоор шийдвэрлэхийн тулд хариуцлагын асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар тодруулсан юм.  Өөрөөр хэлбэл ус, гол бохирдуулсан аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцдог ямар механизм үйлчилж буйг тодрууллаа. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд цэвэрлэх байгууламжид олон тэрбум төгрөг зарцуулсан хэрнээ өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдсэн бодит арга хэмжээ харагдахгүй байгааг шүүмжлэв.

 

 

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан өгсөн тайлбартаа, арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах УИХ-ын тогтоол гарсан. Энэ ажлыг хот тогтоосон хугацаанд гаргахаар ажиллаж байгаа төдийгүй нэгдмэл байр суурьтай байгааг онцолсон юм. Түүнчлэн Төв цэвэрлэх байгууламжид засвар хийх зорилгоор 8.1 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Нийт 25 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 12 ажил хийгдсэн. Бусад ажил хийгдээгүйн шалтгаан болон хөрөнгө мөнгөний зарцуулалтад ажлын хэсэг ажиллаж байгаа. Эцсийн дүгнэлт гармагц албан хариу хүргүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.

 

 

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг танилцуулсан юм. Тогтоолын төсөл нь 11 заалттай ба биелэлтийг 2016 оны намрын чуулганы хугацаанд багтаан тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг даалгасан байна.

 

 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат Туул голыг хамгаалах тусгай хуультай болох санал хэлж байсан бол бусад гишүүд хариуцлагын асуудлыг онцгой анхаарах хэрэгтэйг дурдаж байв.

 

 

Ингээд Байнгын хорооны гишүүдээс гаргасан саналыг тусган Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 84.6 хувийн саналаар тогтоолын төслийг батлав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Мэдээ мэдээлэл

Санал асуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Ноён уул”-ыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглахгүй хэвээр үлдээж, уул, усаа унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазат газар болгохыг хүсч байна.
Санал өгсөн: 409
Дэмжиж байна
81.9% (335)
Дэмжихгүй байна
17.1% (70)
Санал өгөх Үр дүн харах