Малчны өргөдлийн дагуу Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч шийдвэрлэлээ

  • 2014 оны 10 сарын 29

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн / 2014.10.29 / хуралдаанаар Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Увс аймгийн малчин С.Доржоос ирүүлсэн өргөдлийн тухай хэлэлцэв. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Малын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар хийсэн хуулийн хэрэгжилтийн судалгааг танилцуулав.
Өргөдлийн байнгын хорооноос иргэний өргөдлийг судлах хүрээнд Хууль зүйн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан дэд ажлын хэсгийг хуралдуулж, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран Чингэлтэй дүүрэг дэх мал, махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг “Хүчит шонхор” зах, Баянзүрх, Налайх дүүргийн дамжин өнгөрүүлэх пост дээр хяналт шалгалт хийж, үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцжээ.
Түүнчлэн “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг холбогдох бүх талуудыг байлцуулан зохион байгуулж, санал солилцсон байна.

Иргэд, малчдаас сүүлийн 4 жилд малаа хулгайд алдсан талаар 9687 удаагийн дуудлага, мэдээлэл ирүүлснээс 5050 буюу нийт хэргийн 52.1 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 47.9 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шалтгааны дийлэнх хувийг хохирлын хэмжээнд хүрэхгүй байгаа нөхцөл байдал эзэлж байна.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдал хангалтгүй байгааг дурьдлаа.
Хуульд заасан мэдээллийн нэгдсэн сан байгуулах, гарал үүсэл, ариун цэврийн гэрчилгээ олгох, бүртгэх, хяналт тавих тогтолцоо бүрдүүлэх асуудал өнөөдрийг хүртэл цэгцрээгүй байгаатай холбоотой бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хуульд заагаагүй зэрэг нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна гэлээ.
Өргөдлийн байнгын хорооноос Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах чиглэлээр судлан шаардлагатай тохиолдолд хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, О.Содбилэг, Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, М.Батчимэг нар асуулт асууж, Байнгын хорооны шийдвэрийн төсөлд саналаа хэллээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсний дүнд мал, махны гарал үүсэл, мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ, нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай холбогдох журмуудыг боловсронгуй болгон шинэчлэх, Засаг дарга нар, мал эмнэлгийн эмч нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажиллагаанд иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, цэргийн алба хаасан, дүйцүүлэх албаны залуусыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах талаар судлан шаардлагатай тохиолдолд хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх, тогтоолын хэрэгжилтийг 2014-2015 оны намрын чуулганы хугацаанд Байнгын хороонд танилцуулах чиглэлийг Засгийн газарт өглөө.