Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийв

  • 2015 оны 11 сарын 13

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр /2015.11.13/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Иргэн С.Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлсэн байна. Уг өргөдөлд “Компанийн удирдлагууд компанийн эдийн засгийн байдлыг сайжруулах нэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь заалтуудыг ноцтой зөрчин 206 мэргэшсэн ажилтнаа халсан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь ноцтой зөрчин, бусдад худалдсан хэмээн үзэж байна. Австралийн нэр бүхий компани, БНХАУ-ын харьяа компани болсныг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны итгэлцэлийн гэрээг Монгол Улсын газар нутаг дээр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ болгон өөрчлөх эрх зүйн чадамжгүй, хүчингүй гэрээ хэмээн тооцож байна” хэмээн бичсэн болохыг уншиж танилцуулав. Мөн уг гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг дурдаад, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгуулах хүсэлтээ илэрхийлжээ.

Байнгын хорооны дарга О.Баасанхүү, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т заасны дагуу Өргөдлийн байнгын хороо иргэн С.Эрдэнээс ирүүлсэн өргөдлийг холбогдох хууль, журмын хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлсэн юм. Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв