Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар Нэр бүхий 3375 иргэнээс
Товч утга Засгийн газарт хувьцаагаа буцаан худалдах буюу нэг сая төгрөг бэлнээр авах хүсэлтээ гаргасан боловч мөнгө нь олгогдоогүй иргэд 1072 хувьцаагаа буцааж авахыг хүссэн
Өргөдлийн дэлгэрэнгүй

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрлийг нь эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулж тухайн компанийн хувьцааны 50 хүртэл хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэрийг Монгол Улсын Их Хурал 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн №39 тоот тогтоолоороо гаргасан. Уг тогтоолд Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд тухайн хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр заасан.

Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд тус компанийн 1072 хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн тухайн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосон шийдвэрийг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №181 тогтоолоор Засгийн газар гаргасан.

УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын нийт иргэдийн жагсаалт, Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газраас “Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн иргэд”-ийн жагсаалт, Засгийн газарт хувьцаагаа 1 сая төгрөгтэй дүйцүүлэн худалдахаар өргөдөл гаргасан иргэдийн жагсаалтыг тухай бүр хүлээн авч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны бүртгэлийг хийсэн байна.

Засгийн газрын 2011 оны №98, 2012 оны №116 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас насанд хүрсэн 2,042,768 иргэн, насанд хүрээгүй 815,697 иргэн нийт 2,858,465 иргэдийн мэдээллийг, Засгийн газарт иргэдээс хувьцаагаа эргүүлэн худалдах өргөдөл гаргасан болон хишиг хувь хүртсэн 2,111,536 иргэний мэдээллийг Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газраас 2012 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөр тасалбар болгон бүртгэсэн байна. Үүнд:

  • 1072 ширхэг хувьцаа эзэмших эрх бүхий 757,904 иргэн
  • 536 ширхэг хувьцаа эзэмших эрх бүхий 11,585 иргэн тус тус байна.

            “Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн иргэд” гэдэгт:

  • 2011 онд оюутны сургалтын төлбөр                              500,000 төгрөг
  • 2012 онд оюутны сургалтын төлбөр                              500,000 төгрөг
  • 2011 онд эрүүл мэндийн даатгал                                   8040 төгрөг
  • Ахмад болон хөжглийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хэлбэрээр тус тус хүртсэн иргэд хамаарна.

Оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын хэлбэрээр хишиг хувь хүртсэн 766,963 иргэний 820,196,312 ширхэг хувьцаа, хишиг хувь хүртсэн боловч үлдсэн мөнгөн дүнд хувьцаа эзэмших хүсэлтэй 201,728 иргэний 54,411,096,528 төгрөгт ногдох 59,392,658 ширхэг хувьцааг тус тус хасч тоооцон үнэт цаасны бүртгэлийг хөтөлсөн байна.

Засгийн газарт хувьцаагаа нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй буюу нэг сая төгрөг авах өргөдөл гаргасан боловч мөнгөө аваагүй иргэдийн хувьд хувьцааг буцаан өгөх асуудыг Засгийн газрын холбогдох тогтоол, журмаар шийдвэрлээгүй тул одоогийн байдлаар 1,120,285 иргэний хувьцааг эзэмшүүлэхтэй холбоотой асуудал үүсээд байна.

Өргөдлийн хариу

Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөв.