ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ 06 ДУГААР ТОГТООЛ

  • 2015 оны 04 сарын 22

Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмалын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн зарим сумдын нутагт 263730 га газрыг зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барихаар улсын тусгай хэрэгцээнд авч 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг батлан гаргажээ.

Түүнчлэн улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг зохих хууль тогтоомжийн дагуу тооцож олгох арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгасан ч нөхөх олговор олгоогүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хохироосон байна.

Иймд Засгийн газрын “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 2011 оны 175 дугаар тогтоолыг Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгохыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгов.

Тогтоол батлагдсанаар хуульд нийцээгүй Засгийн газрын шийдвэрийг засаж залруулах, хариуцлагыг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хохирлыг арилгах, эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой юм.