БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТУХАЙ ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ 11 ДҮГЭЭР ТОГТООЛ

  • 2015 оны 06 сарын 03

Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг тогтвортой, тууштай хэрэгжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, малчдын 6 настай хүүхдийн боловсролын асуудлыг анхаарах чиглэлээр иргэдээс ирүүлсэн өргөдлийг Байнгын хорооны 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны 11 дүгээр тогтоолыг батлав.

 

Боловсролын салбарт тухайн цаг үеийн бодлого, шийдвэрийн үзэл баримтлалыг тусгаж Боловсролын тухай хуульд олон удаа нэмэлт, өөрчлөлт орсон, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө олон удаа өөрчлөгдөж байсан нь сургалтын залгамж чанарыг хадгалах, сургалтын амжилтын тогтвортой дээшлүүлэх, багш нарыг чадавхжуулах, боловсролын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад сөргөөр нөлөөлж байна.

 

Боловсролын тухай хууль тогтоомжид боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дангаар болон бусад салбар хариуцсан Засгийн газрын гишүүдтэй хамтран баталж, мөрдүүлэх болон төслийг боловсруулж Стандартчиллын төв байгууллагаар батлуулахаар заасан 9 журам, үлгэрчилсэн дүрэм, стандартыг 2008, 2012, 2013 оноос хойш одоог хүртэл батлаагүйгээс тухайн харилцаа дүрэм, журам, стандартгүйгээр явагдаж байна.

Цэцэрлэгийн 44.9 хувь, сургуулийн 22.4 хувь нь зориулалтын бус барилга байгууламжид анги дүүргэлтийн норм хэтэрсэн нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа, сургуулийн 48.8 хувь нь шаардлагатай тоног төхөөрөмж хангагдаагүй байна. Мөн мэргэжлийн багш, нийгмийн ажилтан дутагдалтай, сургалтад хэрэглэгдэх химийн урвалж, бодисын хадгалалт, хамгаалалт хангалтгүй, шаардлагатай тоног төхөөрөмж бүхий эмчийн болон тусгаарлах өрөөгүй, аваар ослын үед гарах гарц бэлэн бус, схем зураггүй байх зэрэг зөрчил дутагдлууд илэрч байна.

Суурь боловсрол олгох сургалтын хөтөлбөрт Монгол Улсын түүх, соёл, эх хэл, уламжлал заншлын агуулгыг нэмэгдүүлэх, Монгол уламжлалаа хадгалсан ёс суртахуунтай хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх хүрээнд 2014-2015 онд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд түүх, монгол хэлний хичээлийн цагийг зарим ангид нэмэгдүүлсэн хэдий ч үндэсний өв соёл, уламжлал, түүх, соёлыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгасан байдалд хийсэн үнэлгээ байхгүй, тодорхойгүй байгаа тул сургалтын хөтөлбөр дэх энэ чиглэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, үүний дагуу хөтөлбөрүүдэд экспертийн үнэлгээ хийх шаардлагатай байна.

2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхдийг элсүүлэх болсноор малчдын 6 настай хүүхдийн суралцах, асран хамгаалах нөхцөл бүрдээгүйгээс амьдрал ахуйд нь хүндээр тусч, хүүхэд монгол ахуй, эцэг эхийн халамжид өсөж бойжих эрх ашиг хөндөгдөж, сургалтын чанарт нөлөөлж байна.

Зах зээлд худалдаалагдаж буй хүүхдийн үлгэрийн, уран зохиолын номын агуулгад хяналт тавих эрх зүйн зохицуулалт дутагдалтайгаас зах зээлд зүй зохисгүй зураг, агуулга, тексттэй ном худалдаалагдаж байна.

Байнгын хороо Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг тогтвортой, тууштай хэрэгжүүлэх, хууль тогтоомжид заасан журам, үлгэрчилсэн дүрэм, стандартыг боловсруулж, батлан мөрдөх, боловсролын сургалтын байгууллагын эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн сургууль, цэцэрлэгийг байгуулахад төрөөс зохих дэмжлэг үзүүлэх, өдөр өнжүүлэх үйлчилгээг бий болгох, малчдын 6 настай хүүхдэд боловсрол эзэмшүүлэх, амьдрах орчин, асран хамгаалах боломж нөхцөлийг бүрдүүлэх, элсэх насны сонголттой болгох, үндэсний уламжлалаа хадгалсан ёс суртахуунтай хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрт түүх, өв соёл, эх хэл, ёс заншлын агуулгыг нэмэгдүүлэх, түүнд үнэлгээ хийх, шалгуур тогтоох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зах зээлд худалдаалагдах хүүхдийн үлгэрийн, уран зохиолын болон бусад төрлийн номын агуулгад хяналт тавих механизмыг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг даалгав.

Уг тогтоол батлагдсанаар Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, боловсронгуй болгоход ач холбогдолтой гэж үзсэн.