2014 оны намрын чуулганы тайлан

  • 2015 оны 06 сарын 24

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО

Ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо 8 удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанаас 9 тогтоол гаргаж, хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгуулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч, Өргөдлийн байнгын хорооны дүрэм, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцах салбарын хуваарийг шинэчлэн батлав.

Улсын Их Хуралд 2014 оны намрын чуулганы хугацаанд 1366 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 186 буюу 14 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1185 буюу 86 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна.

Энэ хугацаанд 3434 иргэний өргөдлийг багцлан Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, 506 хүсэлт буюу 37 хувийг судлан шууд хариу өгч, 272 хүсэлт буюу 20 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 778 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 596 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 170 албан бичиг явуулж, 189 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээр ахлуулсан Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах, УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан Бэлчээртэй холбогдсон харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж, тайлан танилцуулга гаргаж, хорооны хуралдаанаар хэлэлцүүлэв.

Өргөдлийн байнгын хорооны дүрмийн 3.4-т заасны дагуу уул уурхайн салбарт газрын дор болон хүнд, хортой нөхцөлд ажилласан, нөхөн төлбөр олгогдохгүй байгаа тухай Налайхын уурхайд ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 300 орчим иргэний нийгмийн асуудлаар, Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн асуудлаар, “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн 1072 хувьцааг буцаан эзэмшихийг хүссэн асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг хариуцсан гишүүд судлан үзэж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, хорооны тогтоол гарган Засгийн газарт чиглэл өгч шийдвэрлэв.

1. Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар

Байнгын хорооны хуралдаанаас 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 9 тогтоол гаргаж, иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд:

1. Уул уурхайн салбарт газрын дор болон хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй иргэдийн өндөр насны тэтгэвэр тогтоох хувь хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн нэмэгдэл олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт заасны дагуу төрөөс олгох нөхөн төлбөрийн давтамж, хувь хэмжээг тодорхой болгох, хуримтлалын сан бий болгох асуудлыг судлан, шаардлагатай гэж үзвэл хуулийн төсөл боловсруулах, Налайхын уурхайд ажиллаж байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт заасны дагуу нэг удаагийн нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгөв.

2. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд мал, мах бэлтгэх төвлөрсөн цэг байгуулах, малчдыг малаа им тамга, бусад таних тэмдэгтэй болгох, бод малд зүсийн бүртгэл хөтлөх ажлыг хэвшүүлэх арга хэмжээ авах, нутгийн захиргааны байгууллагаас им тамга, бүртгэлтэй тулгаж хяналтын тооллого явуулж байх, бод малын индексжүүлсэн тамгын сүлжээ, мэдээллийн нэгдсэн сан, мал, мах бэлтгэлийн гарал үүслийн гэрчилгээтэй холбогдох журмуудыг шинэчлэн батлах зэрэг чиглэлийг Засгийн газарт чиглэл болгов

3. Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай аймгийн нутгийн удирдах байгууллагуудын хуульд нийцээгүй гэх 1738 шийдвэрийг хянаж, хуульд нийцүүлэх арга хэмжээг авах, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд улсын хэмжээнд хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах, иргэдийн өргөдөлд дурдсан тодорхой газруудыг тусгай хамгаалалтад авахыг хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл болгов.

4. Монгол Улсын иргэн бүрд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх арга хэмжээ авах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгах чиглэлийг 2015 оны 05 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн.

2. Хяналт шалгалтын ажлын талаар

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар ирүүлсэн өргөдлийг судлах хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон нийтийн радио телевизтэй хамтран Чингэлтэй дүүрэг дэх мал, махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг “Хүчит шонхор” зах, Баянзүрх, Налайх дүүргийн дамжин өнгөрүүлэх цэг дээр хяналт шалгалт хийж, газар дээр нь танилцаж, зөвлөгөө өгөв.

Дорноговь аймагт орших байгаль, түүх, соёлын дурсгалт газрууд устах аюулд орсон, байгаль орчны хууль тогтоомжууд хэрэгжихгүй байгаа талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн холбогдох хүрээлэнгүүдтэй хамтран Дорноговь аймгийн Айраг, Хөвсгөл, Хатанбулаг суманд, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын иргэдээс малын бэлчээр болон орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хууль бусаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь олон иргэдийн эрх ашгийг хохироож байгаа талаар ирүүлсэн өргөдлийн дагуу тус тус газар дээр нь танилцах болон хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав.

3. Хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар

Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэж буй эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээллийн нэгдсэн системийг бий болгох асуудлаар төрийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан ажил хэргийн уулзалт, малын хулгайтай тэмцэх төрийн үйл ажиллагааг сайжруулах асуудлаар малчин С.Доржоос ирүүлсэн өргөдлийг судлах, Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт" хэлэлцүүлэг, Дорноговь аймгийн нэр бүхий иргэдийн 31 өргөдлийн дагуу байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд “Цагаан дэлийн агуй, Хутаг уул, Чандмань хар уул ба байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг, Архангай, Баянхонгор аймгийн нэр бүхий 23 иргэний хөдөө орон нутагт бэлчээр сүйтгэж буй үлийн цагаан оготнотой тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах асуудлаар ирүүлсэн өргөдлийг судлах хүрээнд “Үлийн цагаан оготны тархалт, үр дагавар, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулж, хариуцсан яам, агентлаг, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулав.

4. Мэдээлэл, сургалт, сурталчилгаа, бусад ажлын талаар

Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн ӨБХ-ны мэдээллийн удирдлагын систем буюу вэбсайт, дотоод программ хангамжийн системийг шинээр хийж ажиллуулав.

Байнгын хорооны үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд танилцуулах, өргөдөл гаргах талаар зөвлөмж өгөх, өргөдөл хүлээн авах, сурталчлах ажиллагааг 2014 оны 7, 10, 11, 12 дугаар сард Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Говьсүмбэр, Дорноговь аймгийн 15 суманд зохион байгуулсан.

Орон нутгийн иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар өргөдөл хүлээн авах, дүн шинжилгээ хийх зорилгоор “Саналын хайрцаг” бэлтгэж бүх аймгийн Засаг дарга нарт хүлээлгэн өгч байршуулав.

Байнгын хорооны үйл ажиллагааны талаарх цаг үеийн мэдээллийг өгөх 3 удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав.

Байнгын хорооны мэдээллийг www.sc-petition.parliament.mn, www.urgudul.mn, www.facebook.com/Urgudliin.baingiin.khoroo, www.twitter.com/Urgudul1 цахим хуудас, Өдрийн сонин, Зууны мэдээ сонин, МҮОНРТ-ын ММ агентлаг, Малчин телевиз, Роял Эч Ди телевиз, Лайк Эч Ди телевиз зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. Байнгын хорооны 3 төрлийн теле-танилцуулгыг захиалан бэлтгэж, дээрх телевизийн сувгууд болон ХЗҮХ, НЗДТГ-ын теле-дэлгэцээр тогтмол нэвтрүүлж байна.

Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох зорилгоор ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хороо, түүний ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж Байнгын хорооны нээлттэй сонсгол, хуралдаанд ажиглагчаар оролцож туршлага судалж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

Өргөдлийн байнгын хороо Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хороотой хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход шүүгч, хуульчид, иргэдийн саналыг авах, хуулийн хийдэл, зөрчлийг судлан арилгахад хамтран ажиллах, шүүхийн нээлттэй танхимуудаар Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг иргэдэд хүргэх, тэдгээрийн санал, хүсэлтийг шууд хүлээн авах боломжийг бүрдүүлэн хамтран ажиллаж байна.

Өргөдлийн байнгын хорооны ажлын алба