Өргөдлийн байнгын хороо 2014.11.28-ны өдөр нэр бүхий 50 гаруй иргэний /800-аад иргэний гарын үсэг хавсаргасан/ өргөдлийн дагуу Дорноговь аймгийн “Цагаан дэлийн агуй”, “Хутаг уул”, “Чандмань хар уул”, Баянхонгор аймгийн “Хүслэнтийн аман гол”-ын нөхцөл байдал дээр үндэслэн ашигт малтмалын тухай болон байгаль орчны тухай зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, тэдгээрийг боловсронгуй болгох шаардлагын талаар хэлэлцлээ. Байнгын хороо ШУА-ын археологи, палентеологи, түүхийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулан Дорноговь аймгийн Хөвсгөл, Дэлгэрэх, Айраг, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумдад очиж танилцан 2 удаагийн ажлын хэсгийн уулзалт тус тус зохион байгуулж ажиллалаа.
Цагаан дэлийн агуй. Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших ба жонш олборлох үйл ажиллагаанаас сүйдэж буй. Монгол орны хамгийн том, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий агуй байсан. Жонш олборлогч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эжунмэн” ХХК-ийн ашиглалтын талбайд хамаарч байгаад тусгай зөвшөөрөл цуцлагдсан 116 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь агуйн зөвхөн амсар хэсэг ба агуй баруун тийш сунаж тогтсон нь “Эн Ти Ти Си” ХХК-ийн жонш олборлох ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч буй. Эжунмэн ХХК нэг удаа 11 сая төгрөгийн л татварыг улсад төлсөн ба нийгмийн даатгал огт төлж байгаагүй байна. Иргэн Зууннаст хууль бусаар жонш олборлох явцад тэсэлгээ хийж нураасан гэх ба өршөөлийн хуульд хамрагдсан. Тус орчинд одоогоор 5 компани жонш олборлож байна.
Ард иргэдээс агуйг улсын тусгай хамгаалалтад авч, нөхөн сэргээх, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, хариуцлага тооцох, уурхайн дуу чимээ, тоосжилт, бэлчээр усны хомсдлоос эрүүл мэндээр хохирч, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдсан тул зохих арга хэмжээ авч өгөхийг хүссэн.
Хутаг уул. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших ховор ан амьтан бүхий тахилгат уул. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Галакси майнинг Монголия” ХХК-ийн зэсийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарч байгаад 2014 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр уулын ар хэсэг буюу хойд хөндий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах болсон. Хутаг уул нь Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны үе дамжин шүтэж ирсэн тахилгат уул ба Дорноговь аймгийн хамгийн өндөр цэг. Эзэн Чингэс хааны их цагаан сүлднээс үлдсэн 2 дагавар цагаан сүлдний нэг нь энэ хайрханы хойд бэлд тахигдаж байсан ба Сүлдэнэ хөх толгойд залагдсан байна. Тус орчинд Сүлдэнэ хөх толгой, Гуа тээг, Эргэлийн зоо, Ац богд, Хоёр загал, Баруун зүүн хасар, Шивээ, Бурхант, Дарьт, Хатаны булаг зэрэг Чингэс хааны түүхтэй холбогдсон олон газар орон байх ба Говийн нэг, тавдугаар ноён хутагтуудын төрсөн болон нутаглаж, тахин шүтэж байсан дагшин газрууд оршино. Хутаг уулын ойр орчимд эрт дээр үеийн нялцгай шавар хатан чулуужсан хавтгай чулуун дээр том жижиг адууны мөр, нохой, хүний мөр, булш, бунхан, сүг зураг зэрэг түүх соёлын ховор үзмэрүүд олддог. Хутаг ууланд зэрлэг сонгино, агь, борхой, таань, хөмүүл, чулуун таваг, алтан харгана, алтан утас, чихэр өвс, тэмээн хөх, хар өвс, цулхир зэрэг 100 гаруй төрлийн ургамалтай. Мөн Аргаль хонь, хулан, хар сүүлтий зээр, цагаан зээр, чоно, шар үнэг, хярс үнэг, мануул, дорго, морин шилүүс зэрэг 10 гаруй төрлийн тууртан болон махан идэшт ам амьтан, хөх цахлай, ууль, ятуу, ногтруу, тас зэрэг жигүүртэн шувууд нутагшдаг бөгөөд ундаалдаг ус, рашаан, булаг шандууд нь тус компанийн ашиглалтын талбайд хамаарсан байна.
Нутгийн ард иргэд ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, онгон дагшинаар нь хадгалан үлдэх, улсын тусгай хамгаалалтад авч өгөхийг хүсч буй.
Чандмань хар уул. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт орших ба БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Засаг Чандмань Майнз” ХХК-ын төмрийн хүдрийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд байрлана. Чандмань хар уул нь Дэлгэрэх сумын “Цагаан хад” багийн нутагт сумын төвөөс баруун урагш 16 км зайд орших бөгөөд уулынхаа урд энгэрээр бүлэг булшаар хүрээлэгдсэн, төмрийн хүдрийн агууламж өндөртэйгээс хар өнгөтэй харагдах уртрагийн дагуу 3 км орчим сунан тогтсон бэсрэг уулсаас бүрдэнэ. Тус бэсрэг толгодын ноён оргилыг “Чандмань хар” хэмээх агаад нутгийн иргэдийн жил бүр тахидаг “Тахилгат хайрхан” юм. “Ноён оргил”-оос хойш цувран тогтсон 3 толгодыг оролцуулан Ноён, Хатан, Хүү, Бэр толгой хэмээн домоглон нэрлэсэн.
Археологийн хүрээлэнгээс малтлага хийж хийхэд 300 орчим түүх, дурсгалын зүйлс илрүүлсэн. Судалгааны ажлын явцад 26 эртний булшийг авран хамгаалах малтлага хийж, эдгээр дурсгал нь Хүрэл зэвсгийн үеийн /МЭӨ II мянган жилээс МЭӨ VII зуун/ болон 12-13 дугаар зууны үед холбогдох түүх соёлын үл хөдлөх дурсгалууд байгааг тогтоосон. 2011 онд ШУТИС-ийн Түүх, соёл судлалын тэнхимийн судлаачид, 2012-2014 онд ШУА-ын хамгаалах секторын судлаачид 278 булш тахилын байгууламжийг малтан судалж, чөлөөлсөн байна. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Чандмань хар уулын орчмын булш, чулуун зэвсгийн болон үйлдвэрлэлийн ул мөр бүхий дурсгалт газрыг аймаг нийслэлийн хамгаалалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд хамааруулан, Соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн байна. 2014 оны байдлаар, Чандмань хар уулын орчимд авран хамгаалах малтлага судалгаанд хамрагдаагүй 50 гаруй булш тахилын газар үлдээд байгаа.
2014 оны 09 сарын 24 өдөр Дэлгэрэх сумын ИТХ-аас 6/02 тоот тогтоолоор “Сумын нутаг дэвсгэр дээр бичил уурхайг зохицуулах, иргэд хувиараа ашигт малтмал олборлох, зөвшөөрөл олгох журмыг баталж, Чандмань уулын орчимд байх “Шар модны бууц” гэх газарт нийт 15.2 га газарт бичил уурхайн хэлбэрээр алт олборлож байна.
Бичил уурхай олборлох үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-аар зохицуулах бөгөөд Дэлгэрэх суманд явуулж буй бичил уурхайн үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хууль, холбогдох журмын дараах зүйл, заалтыг зөрчиж байна. Үүнд:
Иргэдээс малчдын бэлчээр, усыг хамгаалж, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэмж олгохгүй байх, гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагааг зогсоож, байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээ авч өгөхийг хүссэн.
Хүслэнтэйн аман гол. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах Хүслэнтэйн аман гол нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эпитот” ХХК-ийн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарагдаад байна. Аймгийн тусгай хэрэгцээний газарт хамаарах хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 сарын 02-ны өдрийн хурлын 128 тоот тогтоолоор тусгай хэрэгцээнээс гарган “Эпитот” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгосон байна. Уг газрыг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр ашиглуулах эсэх асуудлаар тус сумын иргэдээс авсан санал асуулгад 637 хүн оролцсоноос 533 иргэн буюу 83.7 хувь нь эсрэг санал өгсөөр байхад дээрх шийдвэр гаргасанд иргэд гомдолтой байна.
Хүслэнтэйн аман гол нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 30 орчим айл байнга нутагладаг бөгөөд ган зудтай үед малчид олноор нөмөрлөн буудаг бэлчээр усны гол түшиц газар бөгөөд Буньдарийн овоо, Буурал хайрхан зэрэг шүтлэгт хайрхад оршдог нутаг юм. Мөн аргаль, янгир зэрэг ховор ан амьтадтай, хүн, малын өвчин анагаах рашаан, эмийн ургамалтай ажээ. “Эпитот” ХХК нь хүрэн нүүрс олборлон цахилгаан болон дулааны станц байгуулах төсөл хэрэгжүүлнэ гэж байгааг иргэд үндэслэлгүй бөгөөд рашаан ус ширгэх, байгалийн тэнцвэр алдагдаж, малчид нутаглах бэлчээргүй болох, шүтлэгт уул хайрхан сүйтгэгдэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Иймд иргэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, үе дамжин нутаглаж, тахин шүтэж ирсэн нутгаа онгон төрхөөр нь хадгалан уламжлалт мал аж ахуйн зориулалтаар цаашид ашиглах хүсэлтэй байгаа болно.
Хэлэлцүүлгийн илтгэлүүд:
Илтгэлүүдээр хөндөгдсөн асуудлууд:
Монгол Улсын хэмжээнд нийт 2759 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр олгогдсон байгаагаас хайгуулын 1390 /50.4 хувь/, ашиглалтын 1369 /49.6 хувь/ тусгай зөвшөөрөл байна. Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход аймаг, нийслэлийн Засаг даргаас санал авдаг бөгөөд саналаа хугацаанд нь ирүүлээгүй нөхцөлд дэмжсэнд тооцож тусгай зөвшөөрлийг олгох зохицуулалттай байна. Мөн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа АМГ-т бүртгүүлээгүй, шийдвэр нь алга болсон зөрчил их байгаагаас гадна уг шийдвэрийг гаргахдаа алдаа гаргаснаас шийдвэр нь хүчингүйд тооцогдох эрсдэлтэй мянга гаруй газар байна.
БОНХЯ-наас ирүүлсэн тойм судалгаагаар уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаагаар 19870.4 га газар эвдрэлд орсон байна. Харин урт нэртэй хуулиар ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон газарт байрлах нийт 138 аж ахуйн нэгжийн 242 тусгай зөвшөөрлийн талбайд учруулсан байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлыг 54.7 тэрбум төгрөг шаардагдана гэж тооцсон байна. Дараах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзсэн:
Ашигт малтмалын тухай хууль 66 зүйлтэй бөгөөд 49 заалт нь тусгай зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэх, цуцлах, барьцаалах болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийн талаарх харилцааг, 17 заалт нь хуулийн зорилго, нэр томьёо, төрийн байгууллагын эрх үүрэг зэргийг тодорхойлсон буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж үзэхээр болсон байна. Ашигт малтмалын экспорт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч энэ асуудлыг зохицуулсан эрх зүйн акт байхгүйгээс ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татварыг төлөхгүй улсыг их хэмжээгээр хохироож байна. Жишээлбэл: Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилд 1 сая тонн төмрийн хүдэр олборлож түүнийгээ тусгай зөвшөөлгүй аж ахуйн нэгжүүдэд 1 тонныг нь 30 000-60 000 төгрөгөөр борлуулж байгаа ба худалдаж авсан тусгай зөвшөөлгүй аж ахуйн нэгжүүд 1 тонныг нь 98-140 ам доллараар экспортод гаргаж байна. Экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл эзэмшигч биш учраас улсад нэгч төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр борлуулсан орлогоосоо 1 тэрбум гаруй төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг бөгөөд экспортын үнийн дүнгээс тооцон төлбөл 15 тэрбум төгрөг төлөхөөр байгаа ба үүнээс улсад учирч байгаа хохирол 14 тэрбум орчим төгрөг болж байна. Мөн өнгөт чулуу, жонш экспортод их хэмжээгээр гаргаж байгаа ч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр огт төлөхгүй байна. Мөн шороон замаар тээвэрлэн хөрсийг эвдрэлд оруулан байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх явдал ихсэж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд тогтоосон хайгуулын зардлын доод хэмжээ хэтэрхий бага байгаагаас тусгай зөвшөөрөл дамлан наймаалах нөхцөлийг бүрдүүлж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно гэж заасан. Гэтэл хуулийн 43.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү тохиолдолд хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө гэж заан “туслан гүйцэтгэгч”-ийг хассанаас туслан гүйцэтгэгч дээрх үүргээс чөлөөлөгдөн улс зохих нөхөн төлбөрөө авч чадахгүй болж хуулийн хийдэл гарсан байна.
Түүнчлэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар соёлын өвийг гэрээт харуулын хамгаалалтад байлгахаар зохицуулсан байна. Гэрээт харуул нь цалинтай, цалингүй аль ч хэлбэрээр байж болох бөгөөд тухайн соёлын өвийн үнэт зүйл байгаа газарт байнгын оршин суугч малчин иргэд байна.
Иймд дараах чиглэлээр өөрчлөлтүүд яаралтай оруулах шаардлагатай:
Газрын тухай хуулийн Тусгай нэрэгцээний газар гэсэн 16 дугаар зүйлийн 16.1.11-д”бичил уурхайн зориулалтаар олгосон газар” гэсэн заалтыг 2010 оны 7 сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар гэсэн 14 дүгээр зүйлийн заалтуудтай зөрчилдөж байгаагаас улсын тусгай хамгаалалттай газарт бичил уурхай нэрээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдах боллоо. /Хэнтий Норовлин Тосон хулстайн байгалийн нөөц газарт/
Хилийн зурваст байгаа ашигт малтмалыг эрж хайх ашиглах явдлыг хориглосноос хоёр хөрш улс Монгол улсын хилийн шугамд бараг тултал ашигт малтмал олборлож байгаа бол манай улс олборлох боломжгүй байна.
Түүнчлэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэрүүдийг АМГ-т бүртгүүлэх, тулгалт хийх, зөрчилтэй шийдвэрүүдийг залруулан нэг мөр болгон цэгцлэх арга хэмжээг орон даяар авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл дараах саналуудыг гаргалаа:
ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Байгаль орчныг хамгаалах тухай, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, соёлын өвийг хамгаалах тухай, ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилттэй холбогдуулан иргэдээс дараах өрөгдлүүдийг ирүүлсэн байна. Үүнд:
1. Дорноговь аймгийн Айраг сумын 7 иргэнээс өргөдөл ирүүлж, Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйн орчимд аж ахуйн нэгж, иргэд ашигт малтмалын /жонш/ олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа агуйн амыг дэлбэлж түүх, соёлын дурсгалт газрын байгалийн унаган тогтоцыг алдагдуулсан, тухайн орчны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас их хэмжээний тэсэлгээний дуу чимээ, тоос шороо үүсч байгаа нь хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй ундны усны хомсдол үүсгэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж байгаа тул шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцон, учирсан гэм хорыг арилгуулах арга хэмжээ өвч өгөх;
2. Хөвсгөл сумын 19 иргэнээс Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны эрхэм сүлд тахилга бүхий онгон дархан шүтээн сахиус болж гурван жилд уг хошууныхан нэг удаа тахидаг байсныг одоогоор Хөвсгөл, Хатанбулаг сумдын иргэд уламжлал болгон тахин шүтэж байгаа Хутаг уулыг дэрлэн уул уурхайн компани ажиллах болсныг зогсоож, ховор ан амьтан, ус булаг, шандууд нь устаж, үгүй болох аюулд өртөөд байгаа тул байгаль, түүхийн дурсгалт газрыг цогцоор нь улсын тусгай хамгаалалтад авах, эртнээс хил манаж ирсэн малчдын бэлчээр ус, тахилгын өв соёлыг хадгалж авч үлдэх, хамгаалах талаар арга хэмжээ авах;
3. Дэлгэрэх сумын 5 иргэнээс нутгийн тахилгат хайрхан болох “Чандмань хар” хэмээх /цувран тогтсон толгодыг оролцуулан Ноён, Хатан, Хүү, Бэр толгой гэж домоглон нэрлэдэг/ уулын орой “Алтан овоо”-г ашиглаж /төмөр/ эхэлснээс хойш хүн, малын өвчин их гарч, хуурайшин тоосжилт ихсэж, малын бэлчээр, ус хомсдож байгаа, уулын баруун урд энгэрийн шар бууц хэмээх газарт гар аргаар алт олборлож, нутгийн иргэдийн шүтлэгтэй хайрханыг сүйтгэж байгаа үйл ажиллагааг зогсоож, улсын тусгай хамгаалалтад авч нөхөн сэргээх;
4. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 23 иргэнээс тус сумын Хүслэнтэйн аман гол хэмээх газар нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эпитот” ХХК-ийн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарагдсан. Аймгийн тусгай хэрэгцээний газарт хамаарах хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 сарын 02-ны өдрийн хурлын 128 тоот тогтоолоор тусгай хэрэгцээнээс гарган “Эпитот” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгосон. Уг газрыг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр ашиглуулах эсэх асуудлаар тус сумын иргэдээс авсан санал асуулгад 637 хүн оролцсоноос 533 иргэн буюу 83.7 хувь нь эсрэг санал өгсөөр байхад дээрх шийдвэр гаргасанд иргэд гомдолтой байна. “Эпитот” ХХК нь хүрэн нүүрс олборлон цахилгаан болон дулааны станц байгуулах төсөл хэрэгжүүлнэ гэж байгааг иргэд үндэслэлгүй бөгөөд рашаан ус ширгэх, байгалийн тэнцвэр алдагдаж, малчид нутаглах бэлчээргүй болох, шүтлэгт уул хайрхан сүйтгэгдэх эрсдэлд ороод байна. Иймд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, малчдын амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэг өргөдлийг тус тус ирүүлсэн байна.