Хэлэлцүүлэгдэж буй өргөдөл: 179 иргэний өргөдөл

Тайлбар:

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах нээлттэй сонсголыг 4 дүгээр сарын 29-ний Лхагва гарагт Төрийн ордон дахь Нээлттэй сонсголын танхимд нээлттэйгээр зохион байгууллаа.

Нээлттэй сонсголд дээрх асуудлаар тайлбар, мэдээлэл өгөх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хөдөлмөрийн сайд C.Чинзориг,  Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар болон өргөдөл гаргагч иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцлоо. Мөн Улсын Их Хуралд суудалтай намын гурван бүлгийн дарга нар, Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей болон Улсын Их Хурлын зарим гишүүд оролцож, асуулт тавин хариулт авсан юм.

Нээлттэй сонсголын эхэнд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү энэхүү арга хэмжээний зорилгыг тодорхойлж “Өргөдлийн байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдэд төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн тухай өргөдөл олноор ирж байгаа тул Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан эрхлэх асуудлын дагуу судлан үзээд төрийн албан хаагчийг ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар авах нээлттэй хуралдаан зохион байгуулахаар болсон. Энэ хуралдаанаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яам, Эрүүл мэнд, спортын яам болон салбарын хэмжээнд 2014-2015 онд төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн талаар тайлбар авах юм” хэмээн танилцууллаа.

Өргөдлийн байнгын хороонд 2014-2015 онд ажлаас чөлөөлөгдсөн асуудлаар нийт 179 иргэнтэй холбоотой өргөдөл ирсний 64 нь Хөдөлмөрийн яам, түүний салбарын хэмжээнд, 66 нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, түүний салбарын хэмжээнд, 11 нь Эрүүл мэнд, спортын яаманд хамаатай өргөдлүүд аж. Эдгээр өргөдлийн агуулгыг үзвэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нар үндэслэлгүйгээр албан хаагчдыг чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа, эсвэл тухайн албан тушаалтны чиг үүрэг хэвээр байхад албан тушаалын нэр, газар, хэлтсийн нэрийг бага зэрэг өөрчлөн бүтцийн өөрчлөлт нэрийдлээр чөлөөлж байгаа тухай өгүүлсэн байна. Жишээ нь, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2015 оны 2-р сарын 27-ны өдрийн тушаалаар нэгэн зэрэг 17 сав газрын захиргааны дарга нарыг ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч нарыг томилж байна” гэсэн бол Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн тушаалаар 2015 оны 3-р сарын 24-өөр тасалбар болгон 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн 30 дарга, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 27 төвийн захирлуудыг чөлөөлсөн тухай өргөдлүүдийг Улсын Их Хуралд ирүүлжээ.

Чөлөөлөгдсөн зарим албан хаагчид эхнээсээ шүүхэд гомдол гарган үндэслэлгүйгээр халагдсан гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарч эхэлж байгаа аж.

Байнгын хорооны даргын танилцуулгын дараа дээрх гурван яаманд хамаатай өргөдлүүдтэй холбогдуулан сайд нар тайлбар, мэдээлэл хийв. Тэд мэдээлэлдээ Засгийн газрын бүтцэд 2014 онд удаа дараа өөрчлөлт, хөдөлгөөн орсноор төрийн байгууллагуудын хэмжээнд 1500-2000 орчим албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн нь төрийн албан хаагчдыг ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлж буй явдал тулгамдсан асуудал болох үндэс болсныг дурдаад бүтцийн өөрчлөлтөөр өөрсдийн яамны онцогтой холбогдуулан зайлшгүй хийх учиртай байсан цомхтгол, түүнийг хэрэгжүүлэхэд гарсан асуудлуудыг “төрийн албаны мэргэшсэн, чадварлаг байдал, залгамж чанарыг алдагдалгүйгээр, хуулийн хүрээнд” хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа тайлбарласан юм.

Үүний дараа өргөдөл ирүүлсэн иргэдийг төлөөлж, иргэн Л.Болдбаатар, Ц.Дэлгэрмаа, Х.Эрдэнэчулуун нар мэдээлэл хийсэн бөгөөд энд сонссон бүх мэдээлэлтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Сангийн яам, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагын төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж, нэмэлт тайлбар, лавлагаа, мэдээлэл өглөө.

Нээлттэй сонсголын үеэр зөвхөн оролцогч талуудын тайлбар, мэдээллийг сонссон төдийгүй төрийн алба, түүний төлөвшилд сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйл болох төрийн алба улс төржилтөд ихээхэн өртөж, улс төрөөс хараат байдалд байгаад оролцогчид шүүмжлэлтэй хандаж, асуудлыг шийдвэрлэх арга зам, гарц хайн санал бодлоо илэрхийлж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн цэцтэй адилхан болгож, Төрийн албаны цэц байгуулах саналаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төрийн алба өөрийн Үйлдвэрчний эвлэлтэй болох гарцыг санал болгож байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ажлаас халагдсан иргэдийг төлөөлж, сайд дарга нарын гаргасан шийдвэртэй холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлэх иргэний эр зориг гаргасан гурван иргэнд талархал илэрхийлээд “Төрийн албан дахь намчирхал, улс төржилт байнга байсаар ирсэн, намаар талцан төрийн албыг самардгийг больё. Аль нэг сайдыг олны өмнө улалзуулан шүүмжлэх гэж энэ сонсголыг бид зохион байгуулаагүй. Үүссэн нөхцөл байдалд Өргөдлийн байнгын хороо мэргэжлийн дүгнэлт гаргах эрх байхгүй. ЗГХЭГ-ын дарга үгүйсгэж байгаа ч амьдрал дээрээ төрийн захиргааны томилгоонд улс төржилт, тэр тусмаа сайд нарын оролцоо их байдаг. Алдааг засах нэг арга бол улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж, төрийн албан дахь улс төржилтийг зогсооё” гэсэн саналтай байлаа.

Сонсголд оролцогчдоос олон хүн хэлсэн үгэндээ төрийн албаны хямрал одоогийн эдийн засгийн хямралд ч түлхэц үзүүлж, төрийн дархлаа, улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаад сэтгэл зовж байгаагаа илэрхийлж байлаа.

Товч утга:
Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах тухай
Өргөдөл:

Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн талаарх иргэдийн гомдол